Өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө!  Хатагтай, ноёд оо!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Юуны өмнө энэ семинарыг зохион байгуулж байгаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийлье.

maxresdefault-1-1 Өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна

Сүүлийн жилүүдэд жил дараалан өвөлжилт хүндэрч байгаагийн үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт, дулааралтай ихээхэн холбоотой. Өнгөрсөн онд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, тусламжийг шуурхай хүргэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд хохирол багатай, малын хорогдолгүй даван тууллаа.

Бидэнд харамгүй сэтгэлээр тусламж үзүүлсэн гадаад улс орон, НҮБ болон Монгол Улс дах олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад талархал дахин илэрхийлье.

Зудын гамшгийн хор хөнөөл нь нийгэм, эдийн засгийн салбар бүрт, тэр дундаа хүн амын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт, ядуурал, ажилгүйдэл, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс зудын эрсдэлийн удирдлага нь зөвхөн аюул тулгарсан үед хариу арга хэмжээ авах, учирсан хор уршгийг арилгах асуудал биш юм. Зудын эрсдэлийн удирдлагыг нийгмийн болон бэлчээрийн мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудал гэдэг өнцгөөс харах хэрэгтэй. Зудын гамшгийн эрсдэлийг тодорхойлох, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөрт эрсдэлд тэсвэртэй хөгжлийн зорилтуудыг дэлхийн түвшинд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн.

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар “2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын дагуу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлснээр байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулбал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөртэй байна. Иймээс 2017-2018 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд 13,4 тэрбум төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийг 2018 оны төсөвт 3,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.

Одоо бид нэн түрүүнд өвөлжилтийн явцад үүсч болзошгүй эрсдэлийг бодитоор тодорхойлж, ажлаа төлөвлөх шаардлагатай байна. Өнгөрсөн өвөл:

–  малчдын амьжиргааны түвшинг тодорхойлсон дүн мэдээ хуучирсан

–  байгууллага хоорондын ажлын уялдаа сул, тоо баримт зөрсөн

–  аймаг, сумын хэмжээнд бэлдсэн өвс, тэжээлийн хэмжээ хангалтгүй

–  тусламж үзүүлэх малчин өрхийн судалгааг хугацаа хожимдуулж гаргасан зэрэг хүндрэл гарч байсан.

Иймд эхний ээлжинд малчин өрх, сум, аймгийн хэмжээнд байгаа өвс тэжээл, бензин шатахуун, машин техник зэрэг нөөцөө бодитоор тодорхойлж, цаашид шаардагдах нөөцийн хэрэгцээний тооцоог гаргах шаардлагатай байна.

Малчин өрхийн нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой тоо мэдээллийг эртнээс гаргах хэрэгтэй. Малчдын хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, мал эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг төрийн ажил үйлчилгээг оновчтой төлөвлөж, шуурхай зохион байгуулах нь зүйтэй. Байгалийн зудаас гадна хариуцлагын зудтай тэмцэх шаардлага жил бүр нүүрлээд байгаа нь тодорхой эрсдэл юм. Малчны хариуцлага, албан тушаалтан бүрийн ажлын хариуцлага, хандлагыг өөрчлөх асуудал чухал байна.

Аймаг, сумын Засаг дарга нар өвөлжилтийн хүндрэлтэй холбоотой асуудлыг эхний ээлжинд орон нутгийн нөөц боломжоо дайчлан ажиллаж, шийдвэрлэж байх хэрэгтэй. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах албадын оролцоог хангаж ажиллах шаардлагатай. Мөн салбар хоорондын мэдээ мэдээллийг шуурхай солилцож, үйл ажиллагаагаа нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь чухал.

Өнөөдөр малчдын өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулахад тус дэм болох нэгэн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх гэж байна. “Мерси Кор” олон улсын байгууллагаас малчдад цаг агаарын урьдчилсан мэдээллийг шуурхай хүргэх гар утасны мессэжний үйлчилгээг 15 аймгийн 128 суманд нэвтрүүлж амжилттай туршжээ. Ингэснээр манай малчид, иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ,  цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл болон малын өвчний гаралт, бэлчээрийн даац зэрэг мэдээллийг оршин суугаа болон оторлож буй багийн байршилаар шуурхай авах бүрэн боломжтой болно.

Би Монгол Улсын Шадар сайд байхдаа энэ үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд хүргэх боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Манай улсын бүх малчин өрх буюу 21 аймгийн 1,550 багийн 160,600 малчин өрхөд мэдээллийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, үүрэн утасны дөрвөн оператор компанид талархал илэрхийлье.

НҮБ, ОБЕГ-аас хамтран зохион байгуулж буй өнөөдрийн семинарын үр дүнд аймгийн шийдвэр гаргагч, хариуцлагатай албан хаагчид Та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын тэргүүн туршлагаас суралцаж, өвөлжилтийг даван туулах орон нутгийн төлөвлөгөөгөө амжилттай боловсруулна гэдэгт итгэж байна. Төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаснаар ирэх өвлийг хохирол багатай, өнтэй даван тулна гэдэгт найдаж байна.

Та бүгдийн ажилд амжилт хүсье гэлээ 

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү