Ажилгүй иргэдийн тоо буурчээ

Үндэсний статистикийн хорооноос Монголын эдийн засаг нийгмийн судалгааг сар бүр танилцуулдаг. Есдүгээр сард хийсэн судалгааны дүнг өнөөдөр (2017.10.12) танилцуулсан бөгөөд  инфляци 5.3 хувьтай гарч, улсын орлого өсч, зарлага буурсныг дуулгав.

АЛДАГДАЛ 737.9 ТЭРБУМ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 9 сард 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурахад орлого  нэг (25.5%) их наяд төгрөгөөр өсөж, харин зарлага 291.4 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

4.4 ИХ НАЯДЫН ТАТВАР ЦУГЛУУЛЖЭЭ

Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 876.5 тэрбум төгрөгөөр өсөхөд онцгой албан татварын орлого 132.7 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, орлогын албан татвар 367.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 378.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 118 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 84.0 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 45.9  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 1.5 ТЭРБУМЫН АШИГТАЙ ГАРЛАА

Монгол Улс 2017 оны эхний 9 сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682 сая америк доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 9 сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ. Экспорт 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.2 тэрбум америк доллар, үүн дотор нүүрсний экспорт 1.2 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

34.9 МЯНГАН ХҮН АЖИЛ ХАЙЖ БҮРТГҮҮЛЖЭЭ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны есдүгээр сарын эцэст 34.9 мянга болсны, 25.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.8 мянган хүнээр буурч, өмнөх сараас 80 хүнээр өсч, 25.4 мянга болсны 13.9 (54.9%) мянга нь эмэгтэйчүүд. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.7 мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь төвийн бүсэд, таван мянга нь хангайн бүсэд, 4.9 мянга нь баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.