Д.Хаянхярваа: Ерөнхий сайд дэд сайдтай ажиллана гэсэн чиглэл барьж байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг шинэ Засгийн газрын асуудлаар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Хаянхярваа сайдад нэр дэвшигчдийг гишүүд 100 хувийн саналаар дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвшилцөх санал, АТГ-т сайд нарын мэдээллийг хүргэж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулах ажлыг эхлүүлсэн гэв. АТГ хариу ирүүлсэн тохиолдолд сайд нарын нэрийг УИХ-д өргөн барьж, өнөөдөр, маргааш багтаан Засгийн газраа бүрдүүлэх боломжтой гэв. Энэ үеэр Д.Хаянхярваа хэвлэлийнхний асуултад хариулт өглөө.

-Шинэ Засгийн газрын сайд нарыг УИХ хэзээ хэлэлцэн томилох бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшөөрч, АТГ-аас холбогдох бичиг ирсэн тохиолдолд сайд нараа томилох бүрэн боломжтой байна.

-Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах уу. МАН-ын бүлэг энэ асуудлаар байр сууриа нэгтгэсэн үү?

-Дэд сайдтай ажиллах эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл эцэслэн шийдээгүй байна. Ерөнхий сайд дэд сайдтай ажиллана гэсэн чиглэл барьж байгаа.

-Засгийн газрын гишүүд 100 хувь “давхар дээл”-тэй байх юм байна. Сайдад нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгосон бэ?

-МАН Засгийн газрыг тогтвортой, хүчтэй байлгах талаас нь багагүй хугацаанд ярьж Ерөнхий сайд Засгийн газрыг парламентаас бүрдүүлж, хүчтэй Засгийн газар байгуулах санал гаргасан. Засгийн газрын гишүүдийг мэдлэг, мэргэжил, дадлага туршлага, салбараа бүрэн аваад явах чадвар талаас харж сонгосон.

-Засгийн газрын бүтцийн асуудал цаашид ямар нэг байдлаар хөндөгдөхгүй гэсэн үг үү?

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайд болж байгаа. Дэд даргыг томилох асуудал бүлэг дээр яригдсан уу?

-УИХ-ын дэд даргын асуудал яригдаагүй. Засгийн газар томилогдож, өмнөх албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа хөндөгдөнө.

-Ерөнхий сайд томилогдох үед Ө.Энхтүвшин зарчим дээрээ тохирч чадахгүй байна гэж мэдээлэл хийсэн. Одоо өөрөө Шадар сайдад нэр дэвшиж байгаа нь зарчим дээрээ тохирсон хэрэг болж байна уу?

-Тухайн үед УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин юу гэж ярьсныг би мэдэхгүй байна.

-Ардчилсан нам “давхар дээл”-тэй сайд нарыг дэмжихгүй гэсэн. Гэхдээ Ерөнхий сайд сөрөг хүчний оролцоотой томилогдсон. Сайд нарыг УИХ-аар хэлэлцэх үед зарим нь унахгүй гэсэн баталгаа бий юу?

-“Давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй. Тиймээс сайд нарын асуудал хууль зөрчсөн юм байхгүй. МАН-ын бүлэг дээр сайд нарын зарим нь унагах асуудал үүсэхгүй. Ер нь бол МАН улстөрийн том хүчин учраас дотооддоо учир зүйгээ олно. Цаашид ажил хийгээд явахад ямар нэгэн зөрчил үүсэхгүй. Мэдээж, ажил үүргийн хувьд буруу зөрүүг нь шүүмжлэх, алдаа оноог нь засах зүйл бол байна.

Түлхүүр үг: ,

  • WordPress
  • Facebook

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү