[starbox]

Испанийн Засгийн газар Каталоны өөртөө засах улсын тэргүүн Карлес Пучдемоны гарын үсэг зурсан тусгаар тогтнолын тунхаглалыг хүлээн зөвшөөрсөнгүй. Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой өчигдөр сайд нарын танхимын яаралтай хурал хуралдуулж, Засгийн газрын цаашдын арга хэмжээг хэлэлцэхээр болжээ.

Испанийн Засгийн газрын шадар сайд Сорайя Саенц де Сантамария нь Пучдемоныг “хаана байгаа, хаашаа хөдөлж байгаагаа мэддэггүй хүн” хэмээсэн байна.

Карлес Пучдемон энэ сарын 10-нд Каталоны тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан боловч Мадридтай Испаниас гарах асуудлаар хэлэлцээ хийх зорилгоор тусгаар тогтнолоо зарлахаа хойшлуулахыг бүс нутгийн парламентдаа уриалжээ.

Түүний хэлснээр энэ сарын 1-нд болсон бүх нийтийн санал хураалтын үр дүнд өөртөө засах орон  ард түмнээсээ мандат авч чадсан гэнэ. “Каталонд амьдардаг хэдэн сая хүн Каталоныг тусгаар тогтносон улс болохыг цорын ганц хувилбар хэмээн харж байна” гэж Пучдемон мэдэгджээ. Үүнээс гадна “Бид гэмт хэрэгтнүүд биш. Бид галзуу хүмүүс биш. Бид төрийнхөө эсрэг босогчид ч биш. Бид бол саналаа өгөх боломжийг хүссэн энгийн хүмүүс. Бидэнд Испани улс, испаничуудын эсрэг зүйл огт байхгүй” хэмээн Каталоны тэргүүн хэлжээ.

Барселонад мягмар гарагт аюулгүйн арга хэмжээг чангатгасан байна. Каталоны парламентын газар нутаг, Цитадели хүрээлэнг Каталоны цагдаа нар бүрэн бүсэлсэн аж.

Барселона дахь “ВВС”-гийн сурвалжлагч нарын мэдээлснээр нутгийн олон зуун иргэн Каталоны парламентын танхимын дэргэд тусгаар тогтнолыг дэмжсэн далбаа буюу Каталоны эстелад, “Ардчилал” хэмээх бичиг бүсгүй плакат, хадаасан цэцэг авч ирж жагсчээ.

Пучдемоныг үг хэлэхээс хэдэн цагийн өмнө Каталоны удирдагчийг дагалдагчид гээд бүгд л мягмар гарагт тусгаар тогтнолоо зарлана гэдгийг мэдээгүй байсан аж.

Хуулиа сэргээнэ

1981 оны цэргийн эргэлт хийх оролдлогоос хойш улс төрийн нэлээд ноцтой хямралд ороод буй Испанийн Засгийн газар тусгаар тогтнолын нэг талын ямар ч тунхаглалд шууд хариу барьж, “хууль, ардчиллаа сэргээнэ” гэж анхааруулжээ.

Испанийн Ерөнхий сайдын орлогч Сорайя Саенц де Сантамария өнгөрсөн даваа гарагт “Каталоны Засгийн газар дахь ухаалаг хүмүүсийг би уриалан дуудаж байна. Та нар эргээс бүү үсэр. Яагаад гэвэл та нар араасаа хүмүүсийг татаж байна шүү дээ” хэмээн анхааруулжээ.

Барселона хотын дарга Ада Колау Пучдемон болон Испанийн Ерөнхий сайд Мариано Рахаой нарт “хямралын намжаах”-ыг уриалсан байна.

Тэгвэл Европын холбооны хоёр том улс болох Франц, Герман зэрэг улс Испанийн нэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлж, Каталоныг нэг талаас тусгаар тогтнолоо зарлахыг эсэргүүцэж байна гэжээ.

Өнгөрсөн бямба гарагт Германы канцлер Ангела Меркель Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойтой ярилцах үеэрээ Испанийн нэгдмэл байдлыг дэмжиж буйгаа батлаад зогсохгүй хоорондоо тэмцэж буй талуудын хооронд яриа хэлэлцээр хийсэн нь дээр гэж мэдэгджээ. Франц улс Каталоныг нэг талдаа тусгаар тогтнолоо зарлах юм бол тус бүсийг хүлээн зөвшөөрөхгүй гэж анхааруулсан байна.

Ийнхүү Испанийн засаг захиргаа, Европын холбооны аль аль нь зөвшөөрөөгүй, Хаант улсын Үндсэн хуулийн шүүхээр хүртэл хориглосон бүх нийтийн санал хураалт энэ сарын 1-нд болсон юм. Мадридаас хүлээн зөвшөөрөөгүй уг санал хураалтад 2.3 сая каталон саналаа өгснөөс 90 хувь нь Испаниас салан тусгаарлахыг дэмжжээ. Гэхдээ ирц нь дөнгөж 43 хувьтай байсан аж.

Энэхүү бүх нийтийн санал хураалтын үеэр цагдаа, санал өгөгчдийн дунд мөргөлдөөн гарч, 900 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 33 цагдаа гэмтжээ.

Сүүлд нь Испанийн Засгийн газраас бүх нийтийн санал хураалтын үеэр хатуу арга хэмжээ авсанд уучлалт хүсээд, үүнд хууль бусаар санал хураалт зохион байгуулсан Каталоны засаг захиргааг буруутгасан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн