Илон Маск галзуу хүн үү, суут хүн үү?

“Tesla”,“Spаce X”-ийн тэргүүн Илон Маск дэлхий ертөнцийг биднээс огт өөрөөр хардаг нэгэн. Өнгөрсөн баасан (2017.09.28) гаригт тэрбээр “SpaceX”пуужингаа дэлхийн нэг цэгээс нөгөө цэг рүү 30-хан минутын дотор тээвэрлэлт хийхэд ашиглах тухай төлөвлөгөөгөө хуваалцжээ. Зарим хүн түүнийг зүгээр л галзуурчихаж гэж бодож мэдэх юм. Гэхдээ зарим нь түүнийг суут ухаантан гэж үздэг билээ. Магадгүй тэр аль нь байж болно…

Олон хүн Маскийг этгээд, хачирхалтай, “өөр ертөнц”-өөс ирсэн мэт хүн гэж үздэг. Үүнийг ч батлах нэлээд хэдэн баримт бий. Тухайлбал, түүний ээж нэг удаа “Model 3”цахилгаан машин худалдан авахыг хүсч л дээ. Ингээд хүүдээ хандвал бусад шиг урт дараалалд зогсох шаардлага гарахгүй гэж бодсон аж.

Гэтэл Маск 69 настай хөгшин эхээ дуугүйхэн л дугаартаа зогсож, ээлжээ ирэхийг хүлээ гэж зөвлөжээ. Хэдий тийм боловч түүний ярихыг сонсох нь үнэхээр сонирхолтой байдаг. Энэ удаад бид Маскийн хиймэл оюун ухаанаас Ангараг руу нисэх хүртэлх галзуу 12 мэдэгдлийг түүвэрлэн хүргэе.

 

1. Маск хүмүүсийг 2024 он гэхэд Ангарагт аваачиж эхлэхийг хүсдэг:

“Бид Ангараг руу явах ачааны нислэгийг хөгжүүлэх болно. Түүнд хүмүүсийг оруулна гэж тооцоолж байна” /2016.06 сар/

2. Ийм анхны нислэгийг 2018 онд, удаахыг нь 2020 он гэхэд хийнэ гэж амлажээ:

“Хэрвээ бүх зүйл төлөвлөгөө ёсоор явбал бид хүмүүсийг 2024 он гэхэд явуулж, 2025 онд эргэж ирнэ гэж бодож байна”.

3. Маск тэр ч бүү хэл Ангарагийн Засгийн газрыг хүртэл тооцоолжээ:

“Ангараг гараг дээрх хамгийн өндөр магадлалтай засаглалын хэлбэрийг шууд ардчилал гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл хүмүүс янз бүрийн асуудлаар шууд саналаа өгнө. Энэ нь ч дээр байх. Яагаад гэвэл ардчиллын чадамж эрс буураад байна шүү дээ” хэмээн өнгөрсөн онд мэдэгджээ.

4. Тэр Ангараг дээр хүн амьд үлдээд зогсохгүй, тэнд хот байгуулахыг ч сонирхож байна:

“Ангараг гараг дээр цутгах үйлдвэрээс пиццаны газар гээд бүх зүйл байх болно”.

5. Гэхдээ түрүүлж Ангараг руу нисэх хүсэлтэй хүмүүс үхэж ч болзошгүй гэдэгтээ бэлтгэлтэй байх ёстой гэнэ:

“Ангараг гарагийн анхны аялал маш аюултай байх болно. Үхэх эрсдэл ч маш өндөр”.

6. Ангараг гараг сонирхолгүй санагдвал SpaceXпуужинг дэлхийн нэг өнцгөөс нөгөө рүү аялахад ашиглаж болох гэнэ:

“Олон хүн энэ аяллыг хэтэрхий урт гэж үзэж байвал хагас цагийн дотор хийдэг аялал ч байж болно шүү дээ” /Өнгөрсөн баасан гарагт Австралид болсон Олон улсын сансрын нисэгчдийн конгрессийн үеэр/

7. Ангараг руу нисэх эрсдэлтэй алхам хийх хүсэлтэй байвал тэнд үхэх нь муугүй санаа:

“Хэрвээ бид үхэх газраа сонгох боломжтой бол Ангараг гараг бас тийм ч муугүй газар шүү” /2016 он/

8. Жолоочгүй машин ашиглах хэрэггүй гэж хүмүүст ятгах нь тэднийг хөнөөж байгаатай ялгаагүй зүйл:

Дээрх утгатай мэдэгдлийг Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн юм. Тэрбээр жолоочгүй “Tesla”-гийн автомашинуудад гарсан осолд хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий их анхаарч байгааг шүүмжилж ийнхүү хэлжээ. “Өөрөө удирддаг, жолоочгүй автомашины гаргасан осолд онцгой анхаарал хандуулдаг нь миний санааг зовоодог гэдгийг дурдах нь зүйтэй. Тэгсэн хэрнээ хэвлэл мэдээллүүд жил бүр уламжлалт автомашинтай ослын улмаас 1.2 сая хүн амиа алдаж байгаад тэгтлээ их анхаардаггүй. Хүмүүсийг жолоочгүй машин хэрэглэхгүй байхыг уриалснаар тэднийг хөнөөж байна гэдгийг сайн сана”

9. Маск түүнчлэн өөр соёл иргэншлийн видео тоглоомд хүмүүс байдаг эсэхийг сонирхдог:

Тэрбээр үүнийг маш сонирхолтой маргаан гэж үздэг байна. Учир нь бид бодит амьдрал дээр бус, тоглоом дотор амьдардаг байх магадлалтай гэж тэмдэглэжээ. “Бид суурь бодит байдалд амьдарч байх магадлал тэрбумд нэг юм”

10. Хүмүүс бодит байдалд амьдарч байгаа гэдэгтээ найдахгүй бол болохгүй гэж Маск үзэж байна:

“Бид үүнд л үнэн гэж найдах ёстой. Тэгэхгүй бол соёл иргэншил хөгжихөө больчихвол газрын хөрснөөс арчсантай адил сүйрэл учирна. Тиймээс бид бодит зүйл гэдэгт найдах хэрэгтэй. Эсвэл бид бодит зүйлээс ялгарахааргүй зүйл бүтээх ёстой. Тэгээгүй тохиолдолд соёл иргэншил оршин тогтнохоо болино”

11. Хүмүүс аль хэдийнэ киборг болсон гэжээ:

Өнөөгийн бид цахим шуудан, олон нийтийн сүлжээ зэрэг цифрэн техниктэй болсон нь киборгууд шиг “супер хүчтэй” болох боломжийг олгож байгаа гэнэ.

“Та бүхэн 20 жилийн өмнөх АНУ-ын Ерөнхийлөгчөөс ч илүү хүчирхэг болсон шүү дээ. Та дэлхийн аль ч цэгээс хэний ч хамаагүй ярилцлагыг уншаад хүссэн асуултдаа хариулт авч чадаж байна. Та бүхэн хэдэн сая хүнд мэдээлэл түгээж чадаж байна. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл”

12. Хиймэл оюун ухаан бидний оршин тогтнохуйд хамгийн том аюул заналхийлэл ч болж мэднэ гэжээ:

“Хиймэл оюун ухаанд тун болгоомжтой хандах хэрэгтэй. Тэнэг зүйл хийхгүйн тулд магадгүй үндэсний, эсвэл олон улсын түвшинд ямар нэгэн зохицуулах хууль хэрэгтэй гэж бодож байна. Хиймэл оюун ухаанаар бид чөтгөрийг дуудаж байгаа шүү дээ”

Илон Маскийн тухай товчхон

Канад, Америкийн инженер, бизнесмэн, зохион бүтээгч, хөрөнгө оруулагч, тэрбумтан Илон Рив Маск нь 1971 онд ӨАБНУ-ын Претория хотод 1971 оны зургаадугаар сарын 28-нд мэндэлсэн. Paypal компанийг үүсгэн байгуулагч, SpaceXкомпанийн үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч, ерөнхий захирал бөгөөд ерөнхий инженер, Tesla компанийн ерөнхий санаачлагч, захирлуудын зөвлөлийн дарга, ерөнхий захирал, SolarCityкомпанийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм. “Forbes”сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад тэрбээр өнгөрсөн онд 10.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж бичигджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэргэдэх стратеги, бодлогын форумын бүрэлдэхүүнд багтсан. Тус форумд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчид эдийн засгийн өсөлт, ажлын байр шинээр бий болгох, үйлдвэрлэлийн хөдөлмөрийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгдөг Америкийн 16 бизнесмэн ажилладаг.

2008 онд “Esquire”сэтгүүлээс Маскийг XXI зууны хамгийн нөлөө бүхий 75 хүний жагсаалтад багтаажээ. 2011 оны зургаадугаар сард тэрбээр сансрыг ашгийн салбар болгосны төлөө Хайнлайны шагнал хүртсэн. Тухайн онд “Forbes”сэтгүүлээс Маскийг 40 хүртэлх насны хамгийн нөлөө бүхий 20 СЕО-д оруулжээ. 2013 онд Маск “Fortune”сэтгүүлээс зарласан “Оны шилдэг бизнесмэн” болсон бол “The Wall Street Journal”түүнийг “Оны шилдэг СЕО” хэмээн зарласан байна.

 

One thought on “Илон Маск галзуу хүн үү, суут хүн үү?

  1. Нэргүй 2019-04-29 15:05 at 15:05

    ухаантай хүн тэнэг хүн 2 2лаал ойлгомжгүй байдагшд

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн