Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл санаачлан өчигдөр (2017.10.03) Сэтгүүл зүйн ёс зүй форумыг зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд нэг дор цуглан салбарын хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, редакцын бодлого, ёс зүйн алдаа, хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг сэдвийг хөндөн шийдвэрлэх арга замыг сөхөв.

Түүхэнд байхгүй мэдээллийн дунд амьдарч, сошиал медиатай зэрэгцэн оршиж буй орчин цагийн хэвлэл мэдээллийн салбарынхан сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн анализ, ёс зүй бол сайн сэтгүүл зүйн баталгаа, хуулийн шинэчлэл-агуулгын зохицуулалт, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба эрх зүй зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцсэн юм.

Тулгамдсан асуудал

Манай улсад 89 сонин, 80 сэтгүүл, 125 телевиз, 56 радио, 96 вебсайт  үйл ажиллагаа явуулдаг. Мэдээлэл түгээж байгаа вэбсайтууд сонгууль гэх мэт онцлох үйл явдлын үед 180 хүрэх нь бий. 2016 онд 450 байсан хэвлэл мэдээллийн байгууллага энэ онд харин 350 болж буурчээ. Зөвхөн өргөн нэвтрүүлгийн 16 телевиз үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол энэ оны тавдугаар сард Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан мониторингийн судалгааны дүн.

Мэдээллийн хэрэгслүүд ийн олширсон нь сэтгүүл зүйн ёс зүй алдагдахад хүрч байна гэж салбарынхан үзэж байна. Энэ бол тэдний хувьд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Үүнийг даган иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нь буурсан. Зарим судалгаагаар иргэдийн 70 орчим хувь нь хэвлэл мэдээлэлд итгэхгүй байна гэдгээ илэрхийлдэг болсон талаар форумд илтгэл тавьсан Хэвлэлийн хүрээлэнгийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Аливаа мэдээллийг дагаж хэн нэгэн хүний асуудал хөндөгдөж байдаг учраас  эмзэг салбар. Сэтгүүлчдийн гаргаж байгаа ёс зүйн алдаа ихэвчлэн санамсаргүй байдлаас үүсдэг. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл багаар ажилладаг. Мэдээллийг хурдтай дамжуулах шаардлагатай тулгардаг. Гурван сая хүн амтай жижиг зах зээлд маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдээний чанарт биш хурдад илүү анхаарах нөхцлийг бий болгодог. Зарим үед мэдээллийг нягтлах, шалгах ажлыг орхигддог. Ийм байдлаар түгээсэн мэдээлэл баталгаагүй мэдээ шиг хүрдэг. Ёс зүйн алдаа үүнээс эхлэн гарч байна гэж салбарынхан үзэж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт судалгаа хийгчид ёс зүйн алдааний дийлэнх нь вэбсайтууд дээр илэрч байгааг нуусангүй. Энэ зөрчил телевиз, өдөр тутмын сонины хувьд харьцангуй гайгүй байгаа. Телевизийн тухайд, мэдээний алба нь мэдээллээ хянах цаг хугацааны боломжтой бий. Мэдээлэл авч байгаа иргэд урсаад өнгөрч байгаа телевизийн мэдээг үзээд хаана ямар зөрчил илэрсэн болохыг хянах боломж бага байдаг. Энэ нь телевизтэй холбоотой ёс зүйн зөрчлийн гомдол бага ирэх шалтгаан болдог хэмээн оролцогчид ярьж байна.

 сошиал хоёрын ялгаа ямар байх ёстой вэ?

Хэвлэл мэдээлэл бусдаас ялгарах зарчим баримталж ажиллах шаардлагатай тулгардаг. Ялгарахын тулд яах ёстой вэ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн хэрэгслүүд маш олон болж, зах зээлээ хуваасан. Ихэнх хэвлэлүүд үүн дээр алдаж байна гэсэн асуудал форумын үеэр хөндөгдсөн юм.

Уг форумд оролцсон Олон улсын зөвлөх Манфред Протфе “Хүн ажиллаж байгаа тохиолдолд алдаа гарч байдаг. Мэдээллийг хангалттай нягтлаагүй, хувь хүний амьдралыг нээж дэлгэсэн, аливаа нэгэн асуудлаар нийгмийн цөөнх болж байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ бол ёс зүйн том алдаа. Германы сэтгүүл зүйд ийм алдаа элбэг байдаг гэв.

Форумд орон нутгаас оролцсон төлөөлөгчид сонирхолтой мэдээлэл дэлгэв. Орон нутгийн иргэдийн сонин, хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн хандлага өөр болжээ. Иргэд Улаанбаатараас цацаж байгаа телевизийн мэдээллийг үзэх нь багассан. Үүний оронд орон нутгийн чанартай мэдээлэл түгээдэг, орон нутгийн телевизүүдээ үздэг болсон талаар ярьж байна. Нийслэлээс эфир цацдаг телевизүүдийн дийлэнх нь Улаанбаатарт болж байгаа үйл явдлын хүрээнд мэдээлэл бэлтгэн түгээдэг. Мэдээллийн дийлэнхийг улс төр эзлэх гээд байдаг нь орон нутгийнхны сонирхлыг татдаггүй бололтой.

Иргэдийн мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд наад зах нь албан тушаалтан яагаад олон нийтэд мэдээлэл өгөх ёстой вэ гэдгийг тайлбарлаж ойлгуулж, нийгэмд түгээх нь чухал гэсэн санаа ч форум дээр хөндөгдөв. Энэ нь мэдээлэл түгээж байгаа, авч байгаа, өгч байгаа аль аль талдаа хэрэгтэй. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн сошиал орчноос ялгарах нэг давуу тал болно гэж оролцогчид үзэж байна.

Хэвлэл мэдээллийн эзэд ёс зүйн алдааны буруутан уу?

Монголын хэвлэл мэдээлэл бутархай мөнгө шиг тарсан нь хэвлэл мэдээллийн салбарт улстөрчид болон хөрөнгө мөнгөтэй хүмүүс орж ирж, өөр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалсан мэдээлэл түгээх болсноос үүдэлтэй. Үүнээс үүдэн хэвлэл мэдээллийн эзэн, эрхлэгч, сэтгүүлчдийн дунд “чимээгүй” зөрчил үүсдэг. Эзний хөндөх гэсэн сэдвээс эрхлэгч, сэтгүүлчид татгалзах аргагүйд хүрсэн тохиолдлоос болж гайгүй сэтгүүлчид ажлаасаа гардаг. Тэд жижиг хэвлэлийг бий болгодог. Энэ бол монголын хэвлэл мэдээлэлд нийтлэг болсон үзэгдэл.

Форум дээр сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудал болж буй ёс зүйн зөрчил хөгжиж байгаа шалтгаан нь хэвлэл мэдээллийн эздээс болж байгаа тухай яриа өрнөсөн юм. Энэ талаар сэтгүүлч Б.Цогзаяабаатар “Энд хэвлэлийн эздийн тухай асуудал яригдахгүй байна. Ёс зүйн алдаа хөгжөөд байгаа нь Монголын хэвлэл мэдээллийн эзэд нь мэддэг үү, эрүүгийн гэмт хэрэгтэн мэддэг үү гэсэн асуулт өнөөдөр гарч ирж байна. Эздийн ашиг сонирхлыг үүргээ биелүүлэх гээд сэтгүүлчид нэг ёсондоо захиалгаар бичиж ёс зүйн алдаа гаргаад байгаа. Энэ бол хэвлэл мэдээллийн гол асуудал. Та бүгдээс асууя. Танай хэвлэлийн эзэд, хөрөнгө оруулагчид та нарын ажилд чинь нөлөөлдөг үү, оролцдог уу” хэмээн хэлэлцүүлгийг өрнүүлсэн хэвлэл мэдээллийнхнээс асуусан юм. Энэ талаар тэд ийн хариулав.

Ugluu.mn мэдээллийн сайтын эрхлэгч Б.Мөнхбаатар: Манай вэбсайтад хөрөнгө оруулагч байхгүй. Орлогын эх үүсвэр харилцан мэдээ мэдээлэл түгээх гэрээний дагуу орж ирсэн мөнгөөр санхүүждэг. Хөрөнгө оруулалт байхгүй бол цалин олгох тухай ойлголт байхгүй учраас гэрээ хийдэг.

Gogo.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг: Манай вэбсайт “Монгол контент” компанийн хөрөнгө оруулалттай. Компани олон салбартай. Сайт бол нэг хэсэг нь. Манай эзэд, хөрөнгө оруулагчид мэдээллийн редакцийн бодлогод оролцдоггүй, завгүй байдаг.

Ийгл ТВ-ийн Ерөнхий редактор Ж.Хулан: Телевиз “Монголын медиа” корпарацийнх. Ардын эрх сонин, FM, Ийгл ТВ, eagle.mn гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагатай. Хөрөнгө оруулагч нь Голомт банк. Телевизийн хувьд нийтлэлийн бодлогын зөвлөлтэй. Энд долоон хүн байдаг. Тогтоосон хугацаанд, 1-3 сар болж хуралдаад асуудал хэлэлцээд явдаг.

Сэлэнгэ аймгийн “Миний Монгол” телевизийн захирал н.Туул: Орон нутгийн иргэдийн хувьд ямар нэгэн байгууллагыг автоматаар намын харьяалалтай мэт ойлгодог. Тэр утгаар манай телевизийг С.Баярцогтын үүсгэн байгуулсан ТВ гэж хардаг. Тэгээд Ардчилсан намын гэж үздэг. Бидэнд энэ утгаар шахалтууд ч ирдэг. Гэвч бид тэнцвэртэй мэдээлэл түгээхийг боддог.

forum-6-300x200 Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?

forum-1-300x200 Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?

forum-2-300x200 Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?

forum-3-300x200 Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?

forum-4-300x200 Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?

forum-5-300x200 Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?

forum-7-300x200 Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?

Д.ОТГОО

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү