[starbox]
Швед Улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дунд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус олон нийтийн байгууллага байдаг. Тэдний нэг болох Монголын Залуучуудын Холбооны Швед улс дахь салбар зөвлөлөөс санаачлан өнгөрч яваа долоо хоногт (2017.09.27) Монголын Улсын Элчин сайдын яам хамтран анх удаа “Оюутны уулзалт өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Уулзалт өдөрлөгийн зорилго нь Швед улсын гимнази болон их дээд сургуульд суралцдаг оюутнуудаа хүлээн авч мэдээлэл солилцох, санал бодлоо хуваалцаж бие биендээ туршлага мэдлэгээ солилцох асуудал байв.

Өдөрлөгийн эхэнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан оролцож “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдал, хоёр орны дипломат харилцаа” гэсэн сэдвээр илтгэл тавьж залуучуудын сонирхсон асуултанд хариулж чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн Швед дэх Монголын Залуучуудын Холбооны тэргүүн Э.Мандухай “Хүсэмжит мэргэжил” сэдвээр, Шведийн “Hem design studio” компанийн менежер Б. Энхтуяа “Ажлын гараагаа эхлэх орчин нөхцөл” сэдвээр тус тус илтгэл тавьж нийт оюутан залуустай “Даяарчлагдсан дэлхийд хүний эзлэх байр суурь, хандлага” чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Энэ удаагийн өдөрлөгт Швед суралцаж байгаа 20 орчим оюутан залуус оролцсон бөгөөд цаашдаа Элчин Сайдын Яамтайгаа холбоотой ажиллаж мэдээлэл, санал бодлоо солилцох уулзалт, ярилцлагыг тогтмол зохион байгуулж байхаар боллоо. Дашрамд дурьдахад Швед дэх Монголы Залуучуудын Холбоо нь анх 2013 оны таван сард байгуулагдсан, одоогоор удирдах зөвлөлийн 11 гишүүн, 40 гаруй идэвхитэн гишүүнтэй болжээ. Бүтцийн хувьд боловсрол, урлаг спорт, мэдээлэл харилцаа гэсэн гурван багт хуваагддаг Залуусын нэгдэл “Мэдлэгтэй хүнээс хүч мэдрэгдэж, сэтгэлтэй хүнээс итгэл гэрэлтдэг. Хүчтэй байж, итгэлээр гэрэлтэцгээе” гэсэн уриатай ажилладаг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн