ХБНГУ-ын шинээр сонгогдсон Бундестагт өмнө байсан дөрвөн жигүүр зургаа болон өргөжиж орж ирлээ. Харин тэдний санхүүгийн ачаалал немецийн татвар төлөгчдөд хүнд тусч байна. Энэ удаагийн парламентын зарлага өмнөх парламентын зарлагаас 51 сая еврогоор илүү байх бөгөөд жилийн нийт зардал нь 410 сая евро болж буй юм. Welt сонин дараагийн дөрвөн жилд Германы парламент ямар хэмжээний зардалтай байхыг тоолжээ.

Одоо бундестагт 630 депутатын оронд 709 депутат ажиллана. Тэд тус бүртээ 9.541.74 еврогийн цалинтай байна. Үүн дээр татвараас чөлөөлөгдсөн сар тутмын 4.318.38 еврогийн нэмэгдэл очно. Тэр нэмэлт зардлаас депутат сонгуулийнхаа тойрог дахь оффис болон Берлин дэх байрны мөнгөө төлж байх юм. Үүний хажуугаар депутат бүр сардаа Бундестаг дахь оффисийн дарга ба зөвлөх туслахуудаа цалинжуулах ажээ.

Ердийн депутат нь зарчмын хувьд 3-4 туслахтай байж болох бөгөөд хэрэв тэд хэд хэдэн хороонд ажиллах юм бол олон туслахууд хэрэгтэй болдог. Өдгөө Бундестагт бүтэн болон хагас цалинтай 4500 хүн ажиллаж байгаа. Шинэ 79 депутатууд ажилдаа орсны дараа туслахуудын тоо нь нэмэгдэх юм.

Христиийн ардчилсан холбоо буюу CDU

Ангела Меркель

CDU намын амлалт: Немецийн улс төрийн эрх баригч гол улс төрийн нам. Энэ сонгуулиар татварыг бууруулах, ажилгүйдлийг 3 хувиас доош оруулах, хүүхдийн мөнгийг нэмэхээр амласан. Ингээд сонгуульд 32.9 хувийн санал авсан.

Мөн тус нам нэмж 15 мянган цагдаа хөлслөн авахын зэрэгцээ цагаачдын эхний урсгалын хүмүүс ба тэдний хүүхдүүдэд давхар иргэншлэл олгохын төлөө байгаа. Цагаачдад мэргэжлийн зэрэглэл олгон өөрийн эдийн засагтаа тэдний хувь нэмрийг авах хүсэлтэй байгаа юм.

Намын лидер Ангела Меркель: Тус намыг 2000 оноос, улсаа 2005 оноос хойш удирдаж байна. Тэрбээр дэлхийн улстөрчийн чансаанд байнга дээгүүр бичигддэг. Дүрвэгчдэд хил нээх 2015 оны бодлогоосоо үүдэн “цагаачдын канцлер” хочтой болсон. Энэ асуудал нь эрх баригч эвслийн гол холбоотон Баварийн Христийн нийгмийн холбоо намтай хурцатмал байдал үүсгэж байлаа.

Социал-демократ нам буюу SPD

Мартин Шульц

SPD сонгуульд юуг санал болгов: Зүүний төвийн Sozialdemokratische Partei Deutschlands буюу CDU нам нь эрх баригч эвсэлд 2013 оноос хойш нэгдэж ирсэн. Сонгуулийн кампани нь нийгмийн тэгш бус эрхийн асуудалд чиглэгдсэн байв. Нам нь баячуудын татварыг нэмж, үнэгүй боловсролыг өргөжүүлж, дэд бүтцэд тэрбум тэрбумаар хөрөнгө оруулахаар амласан байлаа.

Нам нь Европын холбоог дэмжигч, холбооны  гишүүдийн хоорондын интеграцийг бэхжүүлэхийн төлөө. Мөн татвар-төсвийн сайн бодлогыг Европын холбооны төсөвтэй уялдуулах хэрэгтэй гэж үзжээ. Нам дүрвэгчдийн асуудалд бас анхаардаг. Тэд холбооны орнуудад хандан дүрвэгчдийн Африкийн аюулгүй орнуудад шилжүүлэх бодлогоо хурасгахыг уриалсан байв.

Намын лидер Мартин Шульц: Евро парламентын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн гуравдугаар сараас уг намыг толгойлох болжээ. “Манай намын чухал түшиц Хойд Рейн-Вестфалид бид ялагдсанаас Бундестагийн сонгуульд бид ялагдлаа гэж Шульц мэдэгдэв. Мөн тэрээр 2017 оны ээлжит сонгуулийн дүн гарч, нийт сонгогчдын саналын 20.8 хувийг авсан энэ өдрийг намын хувьд хүнд гашуун өдөр байсан гэжээ.

Германы альтернаив буюу AfD

Алиса Вейдель, Александр Гауланд

AfD юу амлаж байв: Евро мөнгөний эсрэг зогсохоор 2013 онд байгуулагдсан AfD нам түрэмгийн анти исламын, цагаачлалын эсрэг байр суурийг барьсан юм. Нам нь Европын холбооны хилийг хааж, дүрвэгчдийг нутаг буцаахын төлөө байгаа. Брекзит ба Дональд Трампын ялалтад баяр хүргэсэн Германы ганц том нам юм. Эдийн засгийн бодлого нь тодорхой биш, уламжлалт бурууны суурийг барьж байгаа бололтой. Нам төрийн татаас ба өндөр татварын эсрэг зогсож байсан. Гэхдээ гэр бүлийн өндөр нөхвөр амлаж байв. Энэ удаагийн сонгуульд 12.6 хувийн санал авсан байгаа.

Намын лидерүүд Алиса Вейдель ба Александр Гауланд: Вейдель нь Goldman Sachs GS ба  Allianz Global Investors Europe ALV банк сангийн хөрөнгө оруулалтын санхүүч байв. Энэ сонгуулийн дүн тус намын хувьд том ялалт байсан юм. Учир нь тэд дайнаас хойш үндсэрхэг үзэлтнүүдийн намыг Бундестагт суудалтай болгож чадав. Нам хуучин зүүн Германд өндөр хувийн санал авч чаджээ. Харин одоо эвсэлд хамтрах бололцоо харагдахгүй байгаа юм. Гэхдээ социал демократууд ба зүүнтний намтай эвсэлд орж болох л юм.

Чөлөөт ардчилсан нам буюу FDP

Кристиан Линднер

FDP юуг санал болгож байв: 2021 он гэхэд татварыг 30 тэрбум еврогоор буулгахын зэрэгцээ дүрвэгчдийн асуудлаар хатуу бодлого барихаар амласан. Цагаачдын мэргэжлийн үнэлгээний системийг санал болгосон. FDP нь Европын талыг баригч нам бөгөөд лидер Кристиан Линднер холбооны нягт интеграцийг хүсч байгаа. Линднер саяхан Грект туслаж, өрийн дарамтыг нь хөнгөлөх, түр хугацаагаар евро бүсээс гаргахаар амласан юм.

Намын лидер Линднер: Сүүлийн дөрвөн жил тус намыг удирдаж байгаа. 38 настай тэрбээр 2013 оны сонгуулийн ялагдлын дараа алдагдсан байр сууриа энэ удаа  сэргээж чадлаа.  Нүдэнд дулаахан лидерийг Францын Ерөнхийлөгч ба Канадын Ерөнхий сайдтай харьцуулж байдаг. Уламжлалаар Меркелийн эвсэлд орж ирсэн билээ.

“Зүүнтнүүд” буюу DIE LINKE

Сара Вагенкнехт ба Дитмар Барч

Тэдний амлалт: Коммунист Зүүн Германд эрх барьж байсан “Соцмалист эв нэгдлийн нам”-аас эхлэлтэй тус нам НАТО-гийн эсрэг байр суурьтай. Орост гайгүй ханддаг ба Европын холбоог эрс шинэчлэхийн төлөө байгаа юм. Улс төрийн тавцны нөгөө талд нь зогсож байгаа тус нам баячуудын татварыг нэмэх, бага цалингийн эсрэг. Мөн төрийн хяналтыг эдийн засагт чангатгах байр суурьтай байгаа.

Лидерүүд Сара Вагенкнехт, Дитмар Барч: Тэд дотоод ширүүхэн тэмцлийн дараа арванхоёрдугаар сард канцлерийн суудлын төлөө өрсөлдөхөөр тодорсон байлаа. Сонгуулийн кампанийн өрсөлдөөн болгон сонгуульд намын хоёр дарга Бернд Риксингер ба Катя Кипинг нар өрсөлдөхөөр болсон байв. Энэ дөрөв Их Британийн лейбористуудын лидер Жереми Корвины амжилтыг  давтахаар оролдсон юм. Зүүнтнүүд нийт сонгогчдын 9.2 хувийн саналыг авсан. Энэ сонгууль тэдний түүхэнд хоёр дахь ялалт нь болж байгаа. Одоо ГСДН эсвэл Альтернатив намтай эвсэхийг оролдож үзэх байх. Эвсэлгүйгээр намд хөтөлбөрөө биелүүлэх боломж тэдэнд байхгүй юм.

“Ногоонтнууд” буюу GRÜNE

Жем Оздемир ба Катрин Геринг-Эккардт

GRÜNE юуг санал болгов: Хүрээлэн буй орчны хамгаалалтын асуудал энэ намын үндсэн хөтөлбөр нь болж байна. Ногоонтнууд цөмийн эрчим хүчнээс татгалзахыг шаардахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчинд нэмэлт хөрөнгө гаргахын төлөө байгаа. Европын холбооны талд баттай зогсдог. Дүрвэгчдэд арай либерал хандахыг уриалдаг.

Намын лидерүүд Жем Оздемир ба Катрин Геринг-Эккардт: Оздемир нь турк гаралтай хөдөлмөрийн цагаачийн хүүхэд бөгөөд Германы улс төрд орж ирсэн анхны турк хүн. Тэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг ихээхэн шүүмжилдэг. Геринг-Эккардт нь 1998 оноос хойш Бундестагийн гишүүн. Сонгуулийн үр дүнгээр 8.9 хувийн санал аваад байгаа нь ногоонтнуудын хувьд чухал ялалт болж байгаа. Энэ удаа Меркель тэднийг эвсэлдээ багтаахыг хүсч байна.

Бэлтгэсэн М.ЭРДЭС

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн