САН-ФРАНЦИСКО. /Америкийн дуу хоолой/. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер”-ийн хэрэглэгчид 140 тэмтэгтэд багтаан үзэл бодлоо илэрхийлдэг байсан бол одоо 280 тэмдэгтэд багтаан өөрийнхөө санаа бодлыг бусдад “хялбархан” ойлгуулах боломжтой боллоо гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлжээ.

“Твиттер” компаниас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд “140 тэмдэгтэд багтаан англи, испани зэрэг хэлээр үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг зарим хэрэглэгчийн хувьд амаргүй байгаатай холбоотойгоор тэмдэгтийн хязгаарыг туршилтаар 280 болж нэмэгдүүлээд байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй олны танил хүмүүс “Твиттер”-ийг байнга ашиглаж, энэ нийгмийн сүлжээг мэдэхгүй хүн бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болсон хэдий ч тус компани сүүлийн үед санхүүгийн хүндрэлд ороод байгаа аж. Энэ оны хоёрдугаар улиралд л гэхэд тус компани 116 сая долларын алдагдалтай ажиллаж, хэрэглэгчдийнх нь тоо “0” хувийн өсөлттэй гарчээ. “Твиттер” одоо 328 сая хэрэглэгчтэй бол “Фэйсбүүк”-ийн хэрэглэгчдийн тоо 2 тэрбумаас даваад байна. Энэ арга хэмжээ нь жиргээчдийн тоог нэмэгдүүлэхээс гадна компанийн орлогыг нэмэгдүүлэхэд тус болно гэж “Твиттер” мөн найдаж байна.

“Твиттер”-ийн мэдэгдэлд “Англи, испани зэрэг хэлээр бичдэг хүмүүстэй харьцуулахад хятад, япон, солонгос хэлтнүүд 140 тэмдэгтэд багтаагаад үзэл бодлоо илүү тодорхой илэрхийлж чаддаг. Өөрөөр хэлбэл, хятад, япон болон солонгос зэрэг хэлээр бичдэг хүмүүс 140 тэмдэгтийн босгыг аль хэдийн давсан гэсэн үг” гэжээ.

280 тэмдэгтэд багтаан үзэл бодлоо илэрхийлэх туршилт нь хятад, япон болон солонгос хэлнээс бусад бүх хэлээр бичдэг хэрэглэгчдэд хамааралтай бөгөөд туршилт тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх аж. Энэ туршилтад ойролцоогоор хэдэн хэрэглэгч хамрагдаж байгаа эсэхийг тус компани мэдэгдээгүй байна.

Гар утсаар зурвас илгээхэд 160 тэмдэгтэд багтаадаг учир үүнээс бага тэмдэгтээр үзэл бодлоо илэрхийлдэг нийгмийн сүлжээг бий болгох зорилгоор “Твиттер”-ийг үүсгэн байгуулагчид тэмдэгтийн тоог 140-өөр хязгаарлаж байжээ.

Эх сурвалж МОНЦАМЭ

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн