[starbox]

Меркель ялсан ч өмнөх шигээ өндөр санал авч чадсангүй

Германы канцлер Ангела Меркель тэргүүтэй Христийн Ардчилсан холбоо/ Христийн социалист холбооны эвсэл Германы парламентын сонгуульд ялалт байгууллаа. Гэхдээ эрх баригч нам, Мартин Шульц тэргүүтэй социал демократуудын аль аль нь түүхэндээ байгаагүй бага санал авчээ. Учир нь сонгогчдын зарим хэсэг нь уламжлалаасаа татгалзаж, хэт барууны үзэлтэй “Германы альтернатив”-т саналаа өгсөн байна. Ийнхүү “Германы альтернатив” бундестагт анх ирээд зогсохгүй “Меркелийг ангуучлах”-аа зарлаад амжлаа. Тус нам ийнхүү богино хугацаанд сонгогчдын саналыг татаж чадсан нь Германы нийгэм, эдийн засгийн байдал, цагаачлалын бодлоготой холбоотой биз ээ.

Сонгуулийн төв хорооны урьдчилсан мэдээллээр Христийн Ардчилсан холбоо/ Христийн социалист холбоо 33 хувийн санал авч, парламентын 246 суудлыг эзлэхээр болоод байна. Хоёрдугаарт Мартин Шульц тэргүүтэй Германы Социал демократ нам 153 суудал авч бичигджээ.

Энэ бол Германы Социал демократ намын түүхэн дэх хамгийн бага санал юм. Харин Христийн Ардчилсан холбоо/ Христийн социалист холбооны хувьд 1949 оноос хойших хамгийн доод саналаа авчээ. Энэ нь бундестагт зургаан нам орж ирсэнтэй холбоотой.

Гуравдугаарт дөрвөн жилийн өмнө байгуулагдсан, Германы парламентад анх удаа суудал эзэлж буй “Германы Альтернатив” нам оржээ. Алис Вайдель, Александр Гауланд нарын хэт барууны нам 12.6 хувийн саналаар 94 суудал авахаар болж байна.

Түүнчлэн Чөлөөт ардчилсан нам 10.7 хувь буюу 80 суудал, зүүнийхэн 9.2 хувь буюу 69 суудал, ногоонтнууд 8.9 хувь буюу 67 суудалтайгаар таван хувийн босгыг давжээ. Меркель сүүлчийн хоёр намтай нэгдэж, эрх баригч эвсэл байгуулах төлөвтэй байна.

Гандийг бишрэгчид

“Германы альтернатив”-ынхан сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсны дараа шууд л сөрөг хүчин болж ажиллахаа мэдэгдсэн байна. Тус намын дэд дарга Александр Гауланд барууны үзэлтнүүдийг дэмжигчдэдээ хандан “Меркелийг ангуучлах”-аа амлалаа. Тэрбээр “Бид улсаа, ард түмнээ эргүүлэн авч ирэх болно” хэмээн хэлснийг “Bild” дамжуулжээ.

Намын бас нэг дарга Фрауке Петри сонгуульд гаргасан амжилтаа Махатма Гандийн хэлсэн “Эхэндээ тэд чамайг анзаарахгүй. Дараа нь чамайг даажигнаж, тохуурхах болно. Харин эцэст нь чи ялна” гэсэн эшлэлээр тайлбарласан байна.

Социал демократуудын удирдагч Мартин Шульц сөрөг хүчнийг тэргүүлэхээ амласан бөгөөд “Германы альтернатив” ийм өндөр үр дүн үзүүлсэнд Ангела Меркелийг буруутгажээ. Тэрбээр “Улс төрөөс системтэйгээр татгалзсан нь вакуум үүсгэж, “Германы Альтернатив”-ийг хиймлээр дүүргэлээ” хэмээжээ.

Харин канцлер өөрөө “Германы альтернатив”-ын үр дүнг томоохон дохио боллоо хэмээгээд энэ удаагийн сонгуульд барууныханд саналаа өгсөн сонгогчдынхоо итгэлийг эргүүлэн олж авахын тулд дүн шинжилгээ хийнэ гэжээ.

Европын хямралыг харуулсан үр дүн

Германы сонгуулийн үр дүн, тэр дундаа хэт барууныхны гаргасан амжилт гэнэтийн зүйл байгаагүй гэж Оросын Төрийн думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий үзэж байна. Тэрбээр “ХБНГУ-ын бундестагийн сонгуулийн дүн Христийн Ардчилсан холбоо/Христийн социалист холбооныхон ялна гэдэгт ч, парламентад “Германы альтернатив” нам орж ирэх нь ч анхнаасаа тодорхой байсан. Хэдийгээр “Германы альтернатив”-ынхан өөрсдийн үр дүнгээ Германы хувьд газар хөдлөлт хэмээж байгаа ч миний хувьд огтхон ч сенсааци байж чадаагүй” хэмээн тэмдэглэснийг ТАСС дамжуулсан байна.

Тэрбээр Германы сонгуулийн үр дүн нийгэм эдийн засаг, цагаачлалын хямралтай холбоотой Европ дахины ерөнхий хямралыг тусгаж байна гэж тэмдэглэжээ.

“Германы альтернатив” нь Францын Үндэсний фронттой төстэй. Францын Үндэсний фронт ч энэ жил сонгуульд хамгийн өндөр оноо авч, намын түүхэндээ байгаагүй том амжилт үзүүлсэн билээ. Тус намын тэргүүн Марин Ле Пен ч “Германы альтернатив”-т түүхэн амжилт гаргалаа хэмээн баяр хүргэсэн байна.

Тэрбээр “Германы альтернативыг түүхэн амжилт гаргасанд баяр хүргэе. Энэ нь Европт хүмүүс сэрж эхэлснийг дахин харуулж байна” хэмээн Twitter хуудсандаа бичжээ.

Меркелийн алдаа

RT-ийн улс төрийн шинжээч Стивен Майснер Меркелийн алдаанаас болж барууныхан дээш гарч ирсэн гэж үзэж байна. “Меркель зүүний Германы Социал демократ намынханд томоохон цохилт учруулсан. Үүнээс гадна барууныхан томоохон хоосон орон зай үүсгэж, үүнийг нь “Германы альтернатив” дүүргэжээ” хэмээн улс төр судлаач мэдэгджээ.

Майснерийн хэлснээр сүүлийн жилүүдэд Меркель нэг намын өрсөлдөгчдөө бүгдийг нь зайлуулсан нь Христийн Ардчилсан холбоог сулруулсан гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн