Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж эхэлсэн. ОУВС-гийн “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн зах зээлд хэдийнэ хэрэгжиж буй дээрх ажлын үр дүн болон ач холбогдлыг эдийн засагчид дараах байдлаар үзэж байна.

Эдийн засаг дунд болон урт хугацаанд тогтвортой байхад тустай

Б.Пүрэв /ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, профессор/

-Манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар дангаар бүрдүүлж байгаа. Энэ нь тус салбарын өсөлт, хөгжлийг тодотгох үзүүлэлт. Банкны системийн нөхцөл байдлыг үнэлэх, банкуудын активын чанарыг тодорхойлох гэж байгаа нь цагаа олсон. Банкны салбар дахь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үзүүлэлт хэвийн түвшнээс өндөр байгаа. Ийм нөхцөлд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахын тулд банкуудаа үнэлж байгаа хэрэг. Энэ нь эдийн засаг дунд болон урт хугацаанд тогтвортой байхад тустай алхам. Зээлийн хүүг шат дараатай бууруулах боломж үүгээр гарна гэж харж байна.

Зээлийн хүүг бууруулахад тодорхой түлхэц болно

Ч.Энхбаяр /МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, профессор/

Эдийн засгийн байдлыг тодорхойлох хэд хэдэн үзүүлэлтийн нэг нь инфляци. Хэрэглээний үнийн индекс буюу инфляци төв банкны зорилтот түвшнээс бараг л хоёр дахин бага байна. Өөрөөр хэлбэл, инфляци нам, тогтвортой түвшинд байгаа. Энэ нь хадгаламж болон зээлийн хүүг бууруулах, бусад зардал аажмаар багасах “хөрс” нь болж байна. Гэвч арилжааны банкуудын олгож буй зээлийн хүү өндөр хэвээр. Энэ нь иргэд болон хувийн хэвшилд дарамт болж байгаа нь үнэн. Ийм үед банкуудад активын чанарын үнэлгээ хийж байгаа нь тус зах зээлийн өрсөлдөх чадвар болон эрсдэл даах чадварт бодитой ахиц дэвшил гаргах болов уу.

Активын чанарын үнэлгээ хийхээр болсон нь том зургаараа чухал

Г.Рагчаасүрэн /Эдийн засагч, судлаач/

Банкны салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкинд чанарын үнэлгээ хийхээр болсныг цөөнгүй судлаач онцолж, үүнийг зөв чиглэл гэж дурдаж байсан.

Санхүүгийн зах зээл, тэр дундаа банкны салбарын сахилга батыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн. Санхүүгийн салбарын зээлийн багцын дийлэнх хувийг банкны салбар бүрдүүлж байгаа. Хэдий ийм боловч банкны салбар дахь үнэлгээг орхигдуулж болохгүй. Нэгдсэн байдлаар активын чанарын үнэлгээ хийхээр болсон нь том зургаараа чухал байлаа. Банкуудад тавих хяналт, шалгалтыг олон улсын түвшинд ойртуулах нь зүй ёсны байх учиртай шаардлагын нэг.

Банкуудын “эрүүл мэнд” илүү чанаржиж, сайжрах байх гэсэн хүлээлттэй байна

Ч.Хашчулуун /МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн багш, доктор/

Банкны салбарын зээлийн чанар муудаж байна. Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргаж буй нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс үүнийг харж болно. Эдийн засаг тогтвортой байхад банкны салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо чухал байж ирсэн. Тиймээс банкуудаа үнэлж, дүгнэх нь дараа дараагийн бодлогын арга хэмжээ үр дүнтэй хэрэгжих угтал юм. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын одоогийн “эрүүл мэнд” илүү чанаржиж, сайжрах байх гэсэн хүлээлттэй байна. Мөнгөний бодлогоос гадна төсвийн алдагдлыг бууруулахад Засгийн газар анхаарч ажиллах нь чухал.

Эх сурвалж: Б.Мөнх-Эрдэнэ

GoGo.mn

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн