NASA агентлагийн “Кассини” аппарат 2017 оны дөрөвдүгээр сарын 27-нд Санчир гаригийн туйлын зургийг авч дамжуулсан юм. Зурагт буусан асар том хуй салхи догширч буй тэр газарт уг гаригийн туйл байдаг гэнэ. Гэрэл зургийг “Кассини” Санчир гариг болон түүний цагираг хоорондуур нисэн өнгөрөхдөө авчээ.

Харин “Кассини” энэ сарын 15-нд Санчир гаригт хийсэн 13 жилийн аяны төгсгөлөө хийх гэж байна. Үүнээс өмнө өөрийн хамгийн сүүлчийн сонирхолтой гэрэл зураг бүхий мэдээллээ дэлхийд илгээсэн гэж NASA мэдээлэв. “Кассини” дөрөвдүгээр сарын 27-нд авсан фото зургаа Санчираас 267.000 километрийн холуур өнгөрөхдөө хэт ягаан туяаны давалгааг үүсгэдэг 752 нанометрийн урттай өргөн өнцөгт камер, спектрын шүүлтийн тусламжтайгаар авчээ. Зургийн цар хүрээ нэг пиксельд 16 км орчим хэмжээтэй.

Зуун сая жилийн настай Энцелад гариг

Аппарат энэ гаригийн цагирагийн насыг ойролцоогоор 100 сая жил хэмээн тогтоож өгсөн гэж BBC News мэдээлэв. Ийнхүү автомат станцаас авсан мэдээлэл эрдэмтдэд цагирагийн насыг тодорхойлох боломжийг өгчээ. Хийн нүсэр гаригийн цагиргууд нэг эсвэл хэд хэдэн сансрын биетийн задралаас үүдэлтэй бөгөөд цагираг нь жижиг, бага бол нас нь залуу гэж эрдэмтэд үзсэн байна.

Гаригийн дагуулуудаас аль нэг нь 100 сая жил орчмын өмнө задарчээ. Өмнө нь эрдэмтэд Санчир гаригийн цагиргуудын насыг 4.5 тэрбум орчим жил гэж үзэж иржээ. Ингээд 2017 оны эхээр Энцелад гэх гаригийн дагуулын насыг 100 сая жил гэж тогтоожээ.

“Кассини” станцын нислэгийн гол зорилго нь Санчир гариг, түүний цагирагууд болон гаригийн хамгийн том дагуул Титаныг судлах явдал аж. Станцыг 1997 оны аравдугаар сарын 15-нд хөөргөсөн бөгөөд 2004 оны долдугаар сарын 1-нд гаригийн тойрог замд орсон байна. Тэр жилийн арванхоёрдугаар сарын 25-нд станцаас “Huygens” зонд салж, Титаны гадрага дээр буужээ. “Кассини” одоо Санчирын агаар мандалд аажмаар орж байгаа бөгөөд энэ есдүгээр сарын 15-нд устах юм.

Энцелад бол дэлхийгээс гадна амьдрал байж болох нарны аймгийн хамгийн боломжийн газар

NASA өөрийн “Кассини” аппаратын сүүлчийн нислэг ямар байх вэ гэсэн зурмал бичлэгийг 02:05 минутын роликаар үзүүлээд байна. Аяны төгсгөлд станц хийн аварга гариг ба цагирагууд дундуур нисээд хэдхэн хоногийн дараа эвдрэн задарч Санчир гаригийн агаар мандалд “живэх” юм.

Энэ аппарат сүүлчийн мөч хүртлээ санчирын тухай сонирхолтой мэдээллийг дамжуулсаар ирсэн бөгөөд “живэн” унахынхаа өмнө дэлхийд Санчир гаригийн дагуул Энцеладын гэрэл зургийг дамжуулж амжлаа. Эдгээр зургууд сансрын аппаратын 13 жилийн аяны төгсгөлд авагдаж байгаагаараа онцлогтой. Аппарат гаригийн агаар мандлын нягтралд орон шатах бололтой.

“Кассини” автомат станцыг 1997 онд Санчир гаригийн зүг хөөргөхөд уг аппарат шаардлагатай хурдаа авахын тулд дөрвөн гаригийн таталцлын талбайг ашигласан байна. Станц Ангараг, Дэлхий, Бархасвадь гаригийн хажуугаар өнгөрч, тэдний татах хүчийг ашиглажээ. Станц аялалын үндсэн зорилго болох Санчир гаригт хүрэхдээ долоон жилийг зарцуулсан.

2004 оноос эхлэн Санчир гаригийн гайхалтай орчин, хиймэл дагуулуудын талаар судалгаа явуулж эхэлжээ. Ингээд “Кассини” хэд хэдэн удаа ойртсон Энцеладын сүүлчийн зургаа амжиж дамжуулаад байгаа нь энэ. Аппаратын судалгааны явцад эрдэмтэд Санчирын дагуул Энцелад гариг нь дэлхийгээс гадна амьдрал байж болох нарны аймгийн хамгийн боломжийн газар гэж үзэх болжээ. Аппаратын төгсгөл болно хэмээн тооцсон есдүгээр сарын 15-нд түүнээс гаригийн агаар мандлын бүтцийн тухай сүүлийн мэдээлэл ирэх юм байна.

Бэлтгэсэн М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн