Дэлхийн хамгийн их дарлагдсан ард түмэн

-Рохинжа үндэстнийг Мьянмарын иргэд гэж тооцдоггүй. Тэдэнд иргэний эрх гэх зүйл юу ч байдаггүй. Төр захиргааны албан тушаал эрхлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, боловсрол авах ч эрхгүй. Үүнээс гадна хоёроос илүү хүүхэдтэй байхыг хориглодог-

Дэлхий дахинд сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд л Мьянмар гэдэг улсад буддистууд, мусульманчуудын дунд хэдэн арван жилийн турш шашин, угсаатны зөрчилдөөн үргэлжилж байгаа тухай мэдэцгээсэн билээ. Энэ удаагийн хурцадмал мөргөлдөөнөөр сүүлийн 10 хоногийн дотор 400 хүн амиа алдаж, 123 мянган хүн Мьянмараас дүрвэж гарахаас өөр аргагүй байдалд оржээ. Энэхүү түүхэн зөрчилдөөний уг шалтгаан нь юу байв? Мьянмарт яг одоо ямар асуудал өрнөөд байна вэ? Угсаатны бүлэглэлүүдийн мөргөлдөөн дэлхийн мусульман шашинтнуудад ямар цохилт үзүүлж байна вэ?

Сурталчилгаа

02-2-300x190 Дэлхийн хамгийн их дарлагдсан ард түмэн

 Түүх сөхвөл…

Мьянмар бол Зүүн Өмнөд Азид байрладаг, Энэтхэг Хятадын хойгийн баруун хэсэгт оршдог улс юм. Тус улсын нийт хүн ам 60 сая орчим. 135 угсаатнаас бүрдэх тус улсын хүн амын 90 хувь нь буддын шашинтан. Засаг захиргааны долоон муж, үндэсний долоон мужтай.

Тэдгээрийн нэг нь баруун хойд хэсэг орших Ракхайн буюу Аракан муж. Баруун эргээрээ Бангладеш улстай хиллэдэг энэ муж гурван сая орчим хүн амтайгаас талаас илүү хувь нь Аракан буюу буддимыг шүтдэг араканчууд, тун цөөн буюу нэг сая орчим нь мусульман шашинтай рохинжийн ард түмэн суурьшдаг байна.

Рохинжачууд өөрсдийгөө Мьянмарын уугуул ард түмний нэгд тооцдог. Гэвч Нейпьидо буюу Мьянмарын нийслэлээс тэднийг салан тусгаарлагчид, эсвэл Бангладешийн дүрвэгчид гэж үздэг байна. Мэдээж Мьянмар улс колоничлолд байсан болохоор салан тусгаарлагчид байх ч магадлал өндөртэй.

XIX зуунд Британийн колоничлолын үед Лондон Бенгалаас (одоогийн Бангладеш) Бирм рүү (1989 он хүртэлх Мьянмар улсын нэршил) мусульманчуудыг ажиллах хүч болгон татдаг байв. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Япон улс Бирмийг эзлэн авсан байна. Нутгийн иргэд улс орноо тусгаар болгохын төлөө Японы талд орж, мусульман бенгальчууд Их Британийг дэмжиж байлаа. 1942 онд болсон энэхүү зөрчилдөөний улмаас хэдэн арван мянган хүн амиа алдсан түүхтэй.

1948 онд Бирм Их Британиас салан тусгаарласан ч тайван байсангүй. Рохинжанууд хөрш Баруун Пакистан (өнөөгийн Бангладеш)-тай нэгдэхийн төлөө дайн дэгдээж, Бирм улс ч тус бүсэд цэргийн байдал зарласан аж. Ингээд түүнээс хойш салан тусгааралагчид болон Бирмийн дайчдын хооронд үе үе дайн дэгдэж, үе үе намжсаар ирсэн бөгөөд рохинжанууд үүнээс болж “газар дээрх хамгийн дарлагдсан ард түмэн” болон хувирчээ.

Харин одоо…

Дэлхийн хэвлэлүүд, хүний эрхийг хамгаалагчид ч рохинжануудыг “газар дээрх хамгийн дарлагдсан ард түмэн” гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Учир нь тэднийг Мьянмарын иргэд гэж тооцдоггүй. Тэдэнд иргэний эрх гэж зүйл юу ч байдаггүй. Рохинжанууд төр захиргааны албан тушаал эрхлэх эрхгүй. Үүнээс гадна тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж, дээд боловсрол олж авах, тэр ч байтугай бага боловсрол ч авах эрх олгодоггүй. Үүнээс гадна Мьянмарт рохинжануудыг хоёроос илүү хүүхэдтэй байхыг хориглодог аж.

Энэ угсааны төлөөлөгчид хуулийн дагуу улсаасаа гарах ч эрх байхгүй. Тэр ч бүү хэл Мьянмарын газар нутагт хүртэл нүүж шилжих нь хориотой болохоор хэдэн арван мянган рохинжа нөөц хуаранд л аж төрдөг байна.

Мөргөлдөөн ширүүссэн нь…

Зарим хэвлэл мэдээлэл, блогуудаас үзэхэд рохинжа эрчүүд аракан эмэгтэйг хүчирхийлснээс болж мөргөлдөөн ширүүссэн гэжээ. Үүний дараа “Аракан Рохинжа аврах арми” наймдугаар сарын 25-нд цагдаагийн газрын 30 хэсэг, хилийн шалган нэвтрүүлэх пост руу халдаж, 15 цагдаа, цэргийг хөнөөжээ. Үүний дараа дайчид Засгийн газраас тэдний эсрэг хуаран руу довтолсон байна. Ингээд тэд салан тусгаарлагч 370 рохинжаг устгажээ.

Гэхдээ рохинжа дүрвэгчдийн ярьж буйгаар цагдаа, цэргийхэн болон сайн дурынхан тосгоных нь хэдэн мянган хүнийг хөнөөж, тосгодыг нь шатааж, тамлан эрүүдэн шүүж, хүчирхийлсэн гэжээ. Харамсалтай нь дэлхийн олонх хэвлэл мэдээллээр Ракхайнд аж төрдөг буддын шашинтнуудыг хамтдаа зэрэгцэн аж төрдөг мусульман рохинжа нар л тамлан зовоож, үйл олноор нь гэмт хэрэг үйлдэж байгаа тухай мэдээлж буй гэнэ.

Мьянмарын энэ хэсэгт болж буй үйл явдал яг ямар байгааг одоохондоо хэн ч нарийн мэдэх аргагүй. Учир нь энэ мужид цэргийн байдал зарласан хэвээр бөгөөд сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууыг нэвтрүүлдэггүй байна.

Үүнээс гадна Нейпьидогоос рохинжагийн мөргөлдөөнд өртсөн хүмүүст нэн шаардлагатай ундны ус, эм тариа нийлүүлэх тухай НҮБ-ын саналаас татгалзжээ. Мьянмарын засаг захиргаа хүмүүнлэгийн бусад байгууллагаас ч тусламж авахгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл олон улсын шинжээчдийг мөргөлдөөний бүсэд нэвтрүүлэхээс татгалзаж буй юм байна.

04-1-300x165 Дэлхийн хамгийн их дарлагдсан ард түмэн

Дэлхий дахин хэрхэн хүлээн авч байна вэ?

Өнгөрсөн долоо хоногт Их Британи улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тусгай хуралдааны үеэр Мьянмарт буй рохинжа ард түмний байдлыг харж үзэхийг шаардсан ч Хятад энэ саналаас татгалзжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш зөрчил маргааныг зохицуулахад Нейпьидог уриалсан байна. Дэлхийн олон удирдагчид түүнчлэн Мьянмарыг хүчирхийлэлд буруутгаж, тус улсын засаг захиргааг энэ асуудлыг хяналтдаа авахыг уриалжээ.

Тухайлбал, Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 1-нд Мьянмарын засаг захиргааг шүүмжилж, тус улсыг рохинжа нарт геноцид үйлдэж байна гэжээ. “

Түүнчлэн Чеченийн тэргүүн Рамзан Кадыров энэ сарын 2-нд “Болдог сон бол би тэнд цөмийн цохилт үзүүлэх сэн. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшдийг хөнөөж буй хүмүүсийг л устгачих юмсан” гэжээ. Үүнээс гадна Пакистан, Индонез, Бангладеш болон бусад орнуудад ч эсэргүүцлийн арга хэмжээ дэгдсэн байна.

Рохинжанууд хаашаа дүрвэдэг вэ?

Рохинжанууд шашин, угсаатны мөргөлдөөн хурцдах болгонд буюу 1989, 2012, 2015 онуудад үй олноороо Ракхайнаас дүрвэж байсан түүхтэй. Харамсалтай нь рохинжануудын дүрвээд очих газар тун хомс. Ракхайн муж Бангладештай хиллэдэг гэж дээр өгүүлсэн. Тиймээс дүрвэгчдийн урсгал ихэнхдээ хуурай замаар тус улс руу чиглэдэг аж. Гэвч Бангладешт тэднийг хэн ч гар тосон угтан авахгүй.

Өөрөө хүн амын хамгийн шигүү суурьшсан улсын нэг болохоор яах ч аргагүй биз. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд Бангладешийн нутаг дэвсгэрт орших дүрвэгчдийн хуаранд 300-400 мянган рохинжа байгаа бөгөөд эдгээрээс 123 мянга нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд иржээ.

Рохинжанууд түүнчлэн тэнгисээр дамжиж Энэтхэг рүү зугтдаг. Тэнд ч бас тэднийг дуртайяа угтдаггүй. НҮБ-аас энд ирсэн зарим рохинжаг дүрвэгч хэмээн хүлээн зөвшөөрсөн ч Энэтхэгийн засаг захиргаа 40 мянган рохинжаг буцаах бодолтой байгаагаа мэдэгджээ. Харин олон улсын эрх зүйн дагуу аюул отож буй улс руу дүрвэгчдийг буцаахыг хориглодог байна. Гэсэн хэдий ч Шинэ Делигээс дүрвэгчдийн статусын тухай конвенцид нэгдээгүй болохоор хууль бус гадны иргэдийг албадан гаргах болно гэж зүтгэсээр байгаа.

Рохинжануудын зарим хэсгийг Тайланд, Индонез, Малайз хүлээн авдаг. Гэхдээ лалын шашинт Малайзын засаг захиргаанаас рохинжа гэлтгүй бүгдэд дүрвэгчдийн үнэмлэх олгодоггүй байна. Энэ нь Мьянмараас лалын шашинтны урсгал ихээр орж ирнэ гэж үздэгтэй холбоотой гэнэ. Хэдий тийм боловч Малайзад 120 мянга орчим рохинжа дүрвэгч аж төрдөг. Харин рохинжа гэлтгүй бүгдэд дүрвэж очиход нээлттэй газар нь Гана улс. Гэвч рохинжанууд Баруун Африкт бус, өөрсдийн эх орон гэж үздэг Мьянмартаа амьдарч болно гэж найдсаар л байна.

Үнэхээр Мьянмартаа амьдрах боломжтой юу?

Харамсалтай нь энэ асуултад хариулт алга. Мьянмар улсыг олон жилийн турш цэргийн хунт удирдаж ирсэн бөгөөд хунтаас рохинжануудын асуудлыг нэг л аргаар шийдвэрлэдэг байсан. Энэ бол хүч хэрэглэх.

2016 онд Мьянмар улсад хагас зууны түүхэнд анх удаа либерал-ардчилсан хүчнийхэн засгийн эрхэнд гарсан. Гэхдээ тус улсын парламентын хоёр танхимын гишүүдийн 25 хувийг урьдын адил армийн удирдлагаас томилсоор байна. Тус улсын Ерөнхийлөгчийн суудлыг Ардчиллын төлөөр Үндэсний лиг намын төлөөлөгч Тхин Чо эзэлж, намын дарга Аун Сан Су Чи Гадаад хэргийн сайд, төрийн зөвлөх буюу Ерөнхий сайд болсон билээ. 15 жилийн турш гэрийн хорионд байсан, 1991 онд Нобелийн шагнал хүртсэн Аун Сан Су Чиг барууныхан ардчиллын үнэ цэнийн төлөө тэмцэгч, барууны олон алдарт удирдагчдын нөхөр хэмээн нэрлэсэн. Гэвч тэрбээр засгийн эрхэнд гарсны дараа ч Мьянмар улсын байдал өөрчлөгдөөгүй гэж барууны хэвлэлүүд шүүмжилдэг.

Үнэн хэрэгтээ Аун Сан Су Чи Үндсэн хуулиараа онцгой статус бүхий цэргийн хүчинд нөлөөлөх чадваргүй юм. Тэрбээр нэг жилийн өмнө рохинжануудын асуудлыг хариуцсан тусгай комисс гаргаж, түүнийг нь Кофи Аннан тэргүүлсэн билээ. Тус комисс энэ нэг жилийн турш Ракхайн мужид байнга ирж, нутгийн иргэдтэй асуудлыг ярилцаж, баримтжуулж байв. Ингээд өнгөрсөн наймдугаар сарын 24-нөөс уг комисс Мьянмарын Засгийн газрыг үүссэн асуудлаас хэрхэн гаргах тухай 70 хуудас бүхий зөвлөмж гаргажээ.

Гэтэл маргааш нь энэ мөргөлдөөн эхэлсэн аж. Мөргөлдөөний хариуцлагыг хүлээсэн “Аракан Рохинжа аврах арми”-ийн толгойлогчоор Ата Улла ажилладаг. Пакистанд төрсөн, рохинжа угсааны төлөөлөгч тэрбээр Саудын Арабт өссөн нэгэн юм. Шашны боловсрол эзэмшсэн тэрбээр энэ улстай нягт холбоотой байж, санхүүгийн тусламж авдаг тухай Олон улсын хямралын эсрэг группээс мэдээлжээ. Түүнчлэн таамаглал ёсоор “Аракан Рохинжа аврах арми”-ийн салан тусгаарлагчид Пакистан, Афганистан, Бангладешт сургуулилт , бэлтгэл хийдэг байна.

11104-640x360-300x169 Дэлхийн хамгийн их дарлагдсан ард түмэн

Мьянма1-700x450-300x193 Дэлхийн хамгийн их дарлагдсан ард түмэн

Эх сурвалж: news.tut.by

9 сэтгэгдэлтэй

  1. АУН САН СУ ЧИ ардчилал яриад монголд ирж байсан манай ЭЛБЭГДОРЖИд туршилгаа яриж явсан нөхөр шүү дээ. элбэгээ инээд алдан далдагнаж явсан даа үнэн нүүр царай нь ийм л бн

    Хариулах
  2. НЭГ НЬ ШОРОНД, НӨГӨӨ НЬ КАЗИНОД ЮМ ГЭЖ ХАЧИН ШҮҮ. ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ХАТАГТАЙ НАЙЗ НЬ ХАХУУЛЬ АВСНААС БОЛЖ ӨӨРӨӨ 32 ЖИЛ ШОРОНД СУУХААР БОЛОВ. ХАРИН МОНГОЛД БОЛОХООР УЛСАА ЦӨЛМӨСӨН ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ДАРУЙ 1000 ДАХИН ИЛҮҮ УЛС ОРНО ХОХИРООСОН ЛУЙВАРЧИН, АВЛИГАЧ КАЗИНО ХЭСЭН ЦЭНГЭХ, ТИВ ДЭЛХИЙН УЛСУУДЫГ ХЭСЭН ОЛИМП ТЭМЦЭЭНҮҮД ҮЗЭХ, ХҮҮХЭНДЭН ЗУГААЛАХ ЭРХЭЭР “ШАГНУУЛЖ” БАЙНА. ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ЭТГЭЭДИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗГ, УИХ, ХУУЛЬ ШҮҮХ НЬ БҮГД УЛАЙРАН ХАМГААЛЖ БАЙНА.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.