Энэтхэг, Хятадын хил тайван бус байна. Цөмийн зэвсэгтэй тус хоёр улс бие биенээ өдөөн хатгасан нь буруушаан, хилчид нь мөргөлдөөн гаргахгүй өнгөрөх долоо хоног үгүй болов. Энэтхэг улс хойд хил рүүгээ цэргийн гурван корпус байрлуулж байгаа бол Хятад улс Төвд рүү мөн хүчээ татаж байна.

Хятадын цэргийн инженерүүд салхи ихтэй тэгш өндөрлөгч авто зам тавихыг оролдсон нь тийнхүү цэрэг татах шалтаг болсон гэж ОХУ-ын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Куприянов бичжээ. “Энэ бол манай нутаг дэвсгэр. Эндээс нэн даруй гарна уу” хэмээн өндөр уулын Бангонг Цо нуурын эрэгт зогсох хилийн цагдаа гэсэн тодотголтой Хятадын хэдэн арван цэрэг нэгэн хэмнэлээр давтана.

Мөргөлдөөн гарсан тохиолдолд ойролцоох хилийн цэргийнхэн тэдний анхааруулгын дагуу бэлэн байдалд байна. Байдал ер нь иймэрхүү байдаг ч энэ удаа тэгсэнгүй. Маргаантай бүсээс явахын оронд хятадууд чулуу түүж, Энэтхэгийн цэргүүд рүү чулуун мөндөр буулгажээ. Хариуг нь ман адил өгч. Хилийн цэргийнхний гарт ган бороохой гялтагнана. Эцэст нь офицерүүд хэв журам сахиулж, цэргүүд чулуу нүүлгэхээ болив. Хоёр тал төрийн далбаагаа намируулж “Энэ манай газар нутаг” хэмээн хашхирч байснаа шархдсан хүмүүсээ аваад буцжээ.

Өндөр уулын Ладакх бүс нутаг дахь цэргүүдийн мөргөлдөөн Энэтхэгийн хэвлэлүүдийн гол сэдэв боллоо. Хоёр сарын өмнө ийм мэдээг  хэн ч сонирхдоггүй байсан бол одоо амтай болгон ярьж байна. Чулуу нүүлгэсэн хэрэг хилийн ужгирсан мөргөлдөөний нэг л дүр зураг бөгөөд Бээжин, Шинэ-Дэлиг улам түгээж буй.

Хил дээгүүр аадрын бараан үүл нүүж байна

Нуур нь стратегийн ямар ч ач холбогдолгүй, “Өндөрт орших нугын нуур” гэсэн утга бүхий нэртэй уулын үзэсгэлэнт усан сан юм. Бангонг Цогийн ус дастай, ууж болохгүй, мөргөлдөөн үүсэхээс зайлсхийх үүднээс завьтай явахыг эрс хориглодог. Энэ нуураар Энэтхэг, Хятадын нутаг дэвсгэрийг хуваасан хяналтын шугам дайрсан байдаг.

Энэтхэг, Хятадын хил урт бөгөөд Балба, Бутан улс гэсэн хоёр л газар тасардаг. Хилийг 1914 онд анх тогтоож, Британийн Энэтхэгийн Засгийн газрын гадаад хэрэг хариуцсан нарийн бичгийн дарга Хенри Макмагон Төвдтэй Симл (Энэтхэгийн хойг)-ийн конвенцид гарын үсэг зуржээ. Энэтхэг улс тусгаар тогтнож, Төвд Хятадын харъяанд эргэн орсны дараа Бээжин, Шинэ Дели хоорондын харилцаанд зөрчил үүссэн юм.

Бээжингийн Засгийн газартай зөвшилцөлгүйгээр гэрээ байгуулах эрх Төвдийн эрх баригчдад байхгүй хэмээн хятадууд нотолж байхад энэтхэгчүүд Макмагоны шугамыг хууль ёсных гэж үздэг.

Маргаан дайн дэгдэхэд хүргэжээ. 1962 онд богино хугацаанд үргэлжилсэн боловч их цус урсгасан мөргөлдөөнд Энэтхэгийн арми томоохон ялагдал хүлээв. Харин хятадууд хилийн баруун хэсэгт орших стратегийн чухал бүс нутаг болох Аксай-Чинийг эзэлсэн нь тэдэнд Төвд, Шинжаан гэсэн хамгийн тогтворгүй хоёр бүс нутгийг авто замаар холбох боломж олгосон байна. Энд Хяналтын шугам гэсэн зааг тогтоосон нь одоо хоёр улсын хоорондын хил болжээ.

Эл шугамд өнөөг хүртэл тэмдэглэгээ хийгдээгүй нь асуудал үүсгэдэг аж. Яагаад хоёр талын нуурын эргийн алга дарам газрын төлөө улайрна вэ? Хил дагуух гол өндөрлөгүүд бараг бүгд хятадуудын гарт байдаг бол дов толгод бүр энэтхэгчүүдэд ач холбогдолтой гэнэ.

Сургамж өгсөн нь

Хилийн маргаантай бас нэг хэсэг зүүн өмнөд нутагт байдаг. Тэр нь Хятад, Энэтхэгийн Аруначал-Прадеш (ариун уул бялхсан газар) мужийг заагладаг. Энэ газар нутгийг британичууд хууль бусаар авсан гэж хятадууд үздэг бөгөөд Төвдийн өмнөд нутгийн Аруначал-Прадеш хэмээн нэрлэжээ.

1962 онд Энэтхэгийн хүчийг бут цохисон хятадууд тус мужийн дийлэнх хэсгийг эзэлсэн боловч дараа нь гэнэт цэргээ татаж, олзолсон хүмүүсээ бүгдийг буцаасан байна. Хятад улс Энэтхэгт удаан дурсагдах дурсамж өгсөн гэж БНХАУ-ын дарга агсан Мао Зэдун мэдэгджээ. Гутамшигтай ялагдал Энэтхэгийн цэрэг, улстөрчдийн ой тойнд лав суусан аж.

Хэдэн жилийн өмнө Хятад улс хилийнхээ зүүн хэсгийн шугамын дагуу төмөр зам тавих гэж буйг мэдсэн энэтхэгчүүд “галзуу” хурдаар төмөр болон авто замын гүүрүүдийг босгожээ. Тэдгээр нь танк даах гэнэ. Аксай-Чинээс ялгаатай нь Аруначал-Прадешийн хил дээр талууд бараг ижил зайтай оршдог. Тэнд дайн гарвал хэн нь түрүүлж цэргээ татаж, хангалт хийж чадахаас бүх зүйл шалтгаана.

Тэмдэглэгээ хийсэн цорын ганц хил нь БНХАУ болон Энэтхэгийн Сикким мужийг хуваасан төв хэсэг юм. Энэтхэгийн цэргүүд энд л итгэл төгс байдаг. Гол өндөрлөг болон даваа тэдний гарт бий. Гэтэл чухам тэнд энэ удаагийн хилийн мөргөлдөөн гарч, арай л гал нээхдээ тулаагүй.

Жижиг зам ба том мөргөлдөөн

Энэтхэг, Хятад, Бутан гэсэн гурван улсын хилийн уулзварт орших их салхитай уулын тэгш өндөрлөг Долам нь холгүй орших Доклам тэгш өндөрлөгтэй ойролцоо нэртэй. Доламыг Бутаных гэдэгт энэтхэгчүүд хийгээд бутанчууд итгэлтэй байдаг бол хятадууд өөрийн нутаг дэвсгэр гэдэг.

Хэдэн жилийн өмнө Хятадын барилгын цэргийнхэн хөдөлмөрийн ээлжит ялалтаа байгуулж, Гималайн нуруу дамнуулан Дока-Ла даваа руу авто зам тавьжээ. Тэгэхэд тоогоогүй хэрнээ өнгөрсөн зургадугаар сарын эхээр хятадууд ужг замыг урагш Жимпхри нуур руу сунгахаар шийдэхэд Шинэ-Делигийн улстөрчид болон цэргийнхэн ихэд дургүйцсэн байна.

Хэрэв хятадууд Жимпхритэй холбогдож, ноёлох өндөрлөгийг эзэлбэл энэтхэгчүүд Силигури нарийн зурвас хүртэлх хэсгээс өөр газар үлдэхгүй аж. Хэвлэлд болон эрдэм шинжилгээний бүтээлүүдэд уг зурвасыг “Дэгдээхийний хүзүү” хэмээн нэрлэсэн байдаг. Энэтхэгийн энэ хэсэг газар тус улсын зүүн хойд мужууд буюу “Эгч дүү долоо”-г төвтэй холбодог гэнэ. Хэрэв зэвсэгт мөргөлдөөн эхэлбэл Энэтхэгийг хоёр хэсэгт хуваахад хятадуудад хэдхэн цаг шаардлагатай юм.

Хэрэг явдал зөвхөн үүгээр зогсохгүй. Бутан улс өмнөд их хөрш Энэтхэгээр хамгаалуулсны хариуд бие даасан гадаад бодлого баримтлахаар зөвшилцсөн байдаг. Бутанчуудын найдлага талаар болбол Энэтхэг улс бүс нутагтаа тэргүүлэх, хэтдээ их гүрэн болох мөрөөдлөө орхих хэрэгтэй болно. Амласандаа хүрээгүй, ойрын хөршдөө тусалж чадаагүй улсад хэн итгэх билээ.

Тиймээс хятадууд Жимпхри рүү зам тавьж эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа түүнийг нь Энэтхэгийн цэргийнхэн хаажээ. Ингээд мөргөлдөөн гарч, арай л буу зэсвэгтээ тулаагүй дууссан байна. Замын ажлаа хятадууд түр зогсоосон ч их гомдоцгоожээ. Хийх гэж буй ажлаа энэтхэгчүүдэд ЭСЯ-ны шугамаар урьдчилан мэдээлсэн гэж Бээжин мэдэгдэв. Урьдчилж анхааруулаагүй хэмээн Шинэ Дели мэдэгдээд, тавьж буй замд орших Энэтхэгийн хоёр нуувчийг буулгасан гэж Хятадын барилгачдыг буруушаажээ.

Худал мэдээллүүд ба энхийн алхам

Байдал хэдхэн хоногийн дотор хурцдав. Үүнийг хоёр талын хэвлэлүүд хөөргөджээ. Хятадууд 1962 оны дайны гэрэл зургуудыг нийтэлж, энэтхэгчүүд түүнээс хойш таван жилийн дараа болсон мөргөлдөөнийг сануулав. Тэгэхэд хятадууд даваануудыг хяналтандаа авахыг оролдож, их хохирол амсаад буцсан юм. Энэ удаа талууд маргаантай хэсэг дэх цэргийнхээ тоог нэмж, хятадууд их бууны үзүүлэх сургууль хүртэл хийжээ.

Гэтэл энэ үеэр Пакистаны “ Dunya news” агентлаг “Хятадын Ардын чөлөөлөх арми Сикким дэх Энэтхэгийн хилийн цэгт их буугаар цохилт өгсний улмаас 150 гаруй цэрэг амь үрэгдлээ” хэмээн мэдээлэв. Үүнтэй зэрэгцэн шатаж буй ачааны машин, Энэтхэгийн армийн нэг албан хаагч амь үрэгдсэн гэрэл зураг нийтэлсэн байна.

Хятад, Энэтхэгийн цахим хуудсууд нам гүм байснаа хэдэн цагийн дараа Бээжин, Шинэ Дели хоёр дээрх гэрэл зураг худал болохыг мэдэгдэв. Үүний дараа хоёр талын хэвлэлийн өнгө аяс ид шид болов уу гэмээр өөрчлөгдөж дайны тухай нэгч үг дурсаагүй байна. Газар нутгийнхаа төлөө тэмцэх ч мөргөлдөөнийг эв зүйгээр шийдэх хэрэгтэй хэмээн хэвлэлүүд бичжээ.

Хэдэн өдрийн дараа Энэтхэгийн Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал Бээжинг зорьсон байна. Энэ нь Брикс-ийн хүрээнд болсон уулзалттай холбоотой юм. Хэлэлцээний үеэр хоёр улс мөргөлдөөний бүсээс цэргээ гаргахаар тохиролцожээ. Үүнийг хоёр тал биелүүлсэн. Гэвч намжмал байдал удаан үргэлжлээгүй.

Энэтхэг улс 33 дугаар корпусынхаа нэг хэсгийг шилжүүлэн байрлуулж, өөр хоёр корпусыг Аруначал-Прадеш рүү илгээхээр болсон байна. Харин Хятадын нийгмийн сүлжээнүүдэд Төвд рүү илгээж буй техникүүдийн гэр зургуудыг гаргах болжээ. Бангонг Цо нуурын ойролцоо чулуу, бороохойгоор тулсан саяхны мөргөлдөөн дахин дэгдсэн цогонд мод хаясан хэрэг болов.

Хэнд ч хэрэггүй дайн

Сүрдүүлсэн мэдэгдэл, цэргийн хөдөлгөөн болсон ч дайн дэгдээхийг Шинэ Дели ч, Бээжин ч хүсэхгүй байна. Улаан товчийг хэн нэг нь дарвал учрах урсдэл хэт их аж. Хилийн багахан мөргөлдөөн гарах ч үгүй байх. Яаж ч төгслөө гэсэн хоёр тал адилхан хохирно.

Ялагдал нь Энэтхэг, Хятад хоёр улс бүс нутагтаа манлайлах гэсэн эрмэлзлэлээсээ автоматаар татгалзахад хүргэх юм. Ялалт нь бүс нутгийнхаа бүх улсыг өөртөө нэгтгэх нь гэсэн сэжиг төрүүлнэ. Дэлхийн хамтын нийгэмлэгт энхийг эрхэмлэгч улсууд гэдгээ харуулахын тулд Бээжин, Шинэ Дели хоёр сүүлийн 10 жил хэр их мөнгө, хүч зарцуулсныг харгалзан үзвэл ялалтын үнэ хэт өндөр тусах нь.

Гэвч хил дээр санамсаргүй гарсан буун дуу талуудын хүслийг үл харгалзан мөргөлдөөнийг дэвэргэж мэдэх юм. Ийм байдалд хүргэхгүйн тулд Энэтхэг, Хятадын генерал, хурандаа нар хилийн шугамын дагуу тусгайлан уулзаж, хэрэг явдлыг газар нь шээр нь шийдэж болзошгүй байна.

Эх сурвалж: З.АМГАЛАН

 

By updown

One thought on “Хятад, Энэтхэг хоёр буун дуунаас сэрэмжилж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн