[starbox]

Номхон далайн Гуам хэмээх бяцхан арал сүүлийн хэдэн өдөр олон улсын томоохон дуулианы төв болон хувирчээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тус аралд орших Америкийн бааз руу цөмийн цохилт хийхээр бэлтгэж байгаа тухай зарласнаас хойш энэ арал анхаарлын төвд оржээ.

“Хвасон”-ууд арал тийш нисээгүй, Пхеньян “тэнэг янкууд”-ад бодох хугацаа өгч байх зуур Гуам арлын өдөр тутмын амьдралын талаар мэдээлэл хүргэхээр шийдлээ.

Гуам бол 544-хөн км.кв талбайтай арал. Энэ нь Монголын газар нутгаас 2874 дахин жижиг гэсэн үг. Тус аралд 163 мянган хүн аж төрдөг. 4000 орчим жилийн өмнө энэ арал дээр чаморро буюу Австронезийн ард түмэн ирж суурьшжээ.

Харин 1565 онд Испанийн колонид орж, 333 жилийн Америк, Испанийн дайны үр дүнд АНУ-ын бүрэлдэхүүнд оржээ. 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд япончууд Перл-Харбор руу дайрахад хамгийн түрүүнд Гуам арлыг эзлэн авсан байдаг. Ингээд нутгийн иргэдээр албадлагын ажил хийлгэж, эрүүдэн шүүж, тамлан шийтгэж, хүчирхийлж хөнөөж байв. 1944 оны долоодугаар сард япончууд арлыг чөлөөлж, тэр цагаас хойш Гуам арлынхан чөлөөлсний баярын өдрийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Өнөөдөр Гуам нь АНУ-ын газар нутгийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтдаггүй ч эзэмшил нь гэж тооцогддог газар юм. Тус арлынхны орлогын гол эх үүсвэр нь аялал жуулчлал ба Америкийн зэвсэгт хүчин. Америкийн цэргийн бааз тус арлын нийт газар нутгийн 29 орчим хувийг эзэлдэг.

Гуамд тэнгисийн цэргийнхэн, эргийн хамгаалалт, агаарын цэргийн хүчнийхэн байрладаг. Командлалынхан энд Японы Окинава арлаас тэнгисийн явган цэргийн дайчдыг хааш шилжүүлэх тухай төлөвлөгөөг ч боловсруулдаг.

Пентангоноос Гуамыг чухал бааз, үүний тусламжтайгаар АНУ бүс нутаг дахь цэргийн асуудлаа үр дүнтэй шийдвэрлэдэг гэж үздэг.

Харин энэ сарын 8-нд Хойд Солонгосын засаг захиргаа анх удаа Гуам дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазад пуужингийн цохилт хийхээр бэлтгэж байгаагаа мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Пентагоны тэргүүн Жеймс Мэттис нар энд цохилт хийсэн нөхцөлд хоёр улсын хооронд дайн эхэлнэ гэдгийг тэмдэглэсэн байна.

Үүгээр ч зогсохгүй арлын Үндэсний аюулгүй байдлын албанаас иргэддээ цөмийн цохилт болсон нөхцөлд аль болох тайван байхыг уриалж байна. Ингэхдээ цацрагаас хамгаалж болох объектын ард орж нуугдах, түүнчлэн цацрагийн тухайг биеэрээ тархаахгүйн тулд хувцсаа тайлахыг зөвлөжээ. “Гадуур хувцсаа тайлснаар та радио идэвхт материалаас 90 хувиар ангижирна” гэсэн уриалга гаргаж буй аж.

Ким Чен Ун энэ сарын 14-нд АНУ-д цохилт үзүүлэх төлөвлөгөө танилцаад Вашингтонд бодох хугацаа өгөхөөр боллоо гэж мэдэгдсэн байна. Тэрбээр америкчуудыг зөв шийдвэр гаргаж, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах, цэрэг дайны сөргөлдөөнөө зогсоохыг уриалж буй юм.

АНУ, Өмнөд Солонгос улсын жил бүр 10 хоногийн хугацаатай явагддаг цэргийн сургуулилт энэ сарын 21-нд эхэлнэ. Зарим шинжээчид уг сургуулилтыг цөмийн дайны гол түлхэц болж мэднэ гэж болгоомжилж байгаа аж.

By updown

2 thoughts on “Хойд Солонгосын пуужингийн эхний бай болж мэдэх Гуам арлынхан цөмийн дайралтад бэлтгэж эхэлжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн