Шадар сайдыг тойрсон дуулианы ард юу нуугдана вэ?

Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд халдахыг завдсан тухай мэдээлэл савангийн дуурь шиг үргэлжилж байна. У.Хүрэлсүх болон түүнийг мөрдсөн хэмээн хардагдсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын хэн хэн нь асуудлыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хуулийн байгууллага тавиад байгаа. Үүнээс гадна МАН-ын дарга М.Энхболд “Би хэзээ ч хэнийг ч мөрдөн дагах үүрэг өгч байгаагүй” хэмээн мэдэгдчихээд байна.

Мөрдсөн гэх хүн л нь “миний бусдын захиалгаар хийсэн хэрэг” гээд байгаа ч захиалагч нь оньсого, таавар шиг байгаа дуулианы гол дүр У.Хүрэлсүх одоохондоо хөшигний ард нам гүм, томоотойхон сууж байна. Гэхдээ Шадар сайдын Ажлын албаны хүмүүс болон өмгөөлөгч нь шоргоолж шиг хөдөлмөрлөж байгаа.

Тэдний байсхийгээд хийх хэвлэлийн хурлын мэдээ, мэдэгдэл ярилцлагууд сонин, сайтын орон зай, телевизийн эфирийг эзэлж байгаагаас харвал мэдээллийг олны анхааралд байлган тогтоох үүргийг Ажлын албаны залуучууд болон өмгөөлөгч нь үүрч байгаа бололтой.

Өдөр алгасахгүй өөр хоорондоо холбоотой өрнөх дуулианууд энэ хэргийг олны анхаарлын төвөөс үл салгах бодолтой хэн нэгэн байгаад байх шиг харагдуулах нь хачин.

МАН-ын дотоод зөрчил үү, зөрчлийн оршил уу?

МАН-ын томчууд нэг нэгнээ мөрдсөн, мөрдөөгүй гэсэн маргаан нэгэнт дэгдчихсэн учраас хэрэг явдал гадна талаас тус намын удирдлагуудын дунд томоохон зөрчил үүссэн мэт харагдаж байгаа. Гэвч үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан МАН-ын дараагийн даргад өрсөлдөгчдийн дунд зөрчил үүссэн гэж биш МАН-ын даргын суудлыг авахаар санаархаж байгаа хүний зохион байгуулалттай дэгдээсэн шоу үзүүлбэр, хөндөгдөж буй зөрчлийн оршил гэж харвал үнэнд арай дөхөж магадгүй байна.

У.Хүрэлсүх болон Ж.Эрдэнэбат нар алба, амины ямар ч асуудлаар байр суурь нэгтэй байгаа гэж тэдний хэвлэлийн төлөөлөгчид мэдэгдээд байгаа ч дуулиан аль хэдийнэ зорилгоо биелүүлж, харин яг одоо тэдний дунд үл итгэх, өрсөлдөх хандлага суучихсан байх магадлалтай.

Сонгуульд ялагдсан МАН Их хурлаа хийх нь тодорхой. Эрх баригч нам шинэ даргатай болох нь гарцаагүй нөхцөл байдал үүсчихсэн үү гэвэл тийм. Гэхдээ дараагийн дарга хэн бэ гэдэг асуудал нь улс төр унтаж л байдаг долоо наймдугаар сард анх удаа сөхөгдөж байгаа юм биш.

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, бүр хаврын саруудад түүнээс ч өмнө У.Хүрэлсүх намын дарга болох гэнэ. Засаг солигдоно. МАН-ын дараагийн дарга бол У.Хүрэлсүхээс өөр хэн ч биш, У.Хүрэлсүхийн эрин эхэлж байна гэсэн мэдээллүүд түгж, хэвлэлүүд ч зармыг нь шүүрэн авч мэдээлж байсан билээ.

Эдгээр мэдээллүүдийг шүүж үзсэн хэнд ч дуулианыг даган үүссэн асуудал нь эртнээс бэлтгэгдсэн, холоос шидсэн чулуу байж мэдэх хардлага төрнө. Мэдээж хэрэг МАН шиг хад чулууг сууринаас нь хөдөлгөхийн тулд ямар нэгэн том шалтгааныг заавал олох ёстой. Ийм шалтгааны эхлэл нь үнэн худал нь хараахан нотлогдоогүй У.Хүрэлсүхийг хоёр сар дагаж мөрдсөн гэх гэрч Ч.Батболдын яриа болж байх шиг.

Одоохондоо У.Хүрэлсүхийн тал энэ мэдэгдэл дээр тоглож байна. Хуулийнхан өчигдөр У.Хүрэлсүхийн гэрч Ч.Батболдыг болон иргэн А, Ж нарыг баривчилжээ. Тэдэнтэй хамт У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр гэдэг иргэнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ.

Ц.Сандуйг зайлуулахгүй бол сайнаа үзэхгүй

У.Хүрэлсүхийг тойрсон дуулиан Шадар сайдын Ажлын алба болон өмгөөлөгчдийн хурц хурц мэдэгдэл, хуулийн байгууллагынхныг буруутгасан мэдээлэл, ярилцлагуудаар хачирлагдаж байгаа. Тэдний мэдэгдэл илт давамгайлж, нийт хэвлэл мэдээллээр цацагдаж байхад нөгөө талд У.Хүрэлсүхийг дэмжигч МАН-ын залуучуудын байгууллага НАМЗХ-ны гишүүд ярилцлага өгсөөр байна. Тэд МАН Их хурлаа яаралтай хуралдуулах ёстой хэмээн шаардаж байгаа юм.

УИХ-ын гишүүд ч У.Хүрэлсүхийг илт дэмжиж буй. Гишүүдээс онцлоход Ж.Энхбаяр намын их хурлаа хийхийг шаардахын хамт “Би У.Хүрэлсүхийг намын дарга болсон ч юм горьдохгүй” хэмээн мэдэгдээд авсан.

Хамгийн сонирхолтой нь энэ бүгдтэй ижилсэн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ыг урхинд оруулсан алдарт 60 тэрбумын ярианы бичлэг сонины нүүр хуудсанд залрав. Жил гаруйн өмнө болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтийн сүлжээнд цацагдахад баримт гэж үнэлээд нүүр хуудсаа зориулж байгаагүй сонинууд тухайн үед юман чинээ бодоогүй, огт тоолгүй орхисон 60 тэрбумын ярианд яагаад хэд хэдэн дугаар, хэд хэдэн нүүрээ зориулсан юм бол?

Гэхдээ МАН-ын одоогийн удирдлага жаран тэрбумын яриа үнэн, худал гэсэн маргаанд татагдан орж, эс бол бүлх залгисан мэт дуугүй сууж байхаар 60 тэрбумын эзэн гэсэн нэрнээс нэг насаараа салах нь өнгөрсөн Ц.Сандуйд арга хэмжээ авч, салж хагацахгүй бол сайнаа үзэхгүй нь тодорхой болжээ.

МАН дахь “ХЕРО” стиль

Өрнөж буй үйл явц МАН-ын Их хурлыг аль болох яаралтай хуралдуулах гэсэн, намын даргын суудлыг авахаар бэлтгэсэн У.Хүрэлсүхийн багийнхний төлөвлөгөө байх магадлалтай. Айсуй цагийн асуудалд зориулж, энэ цагийн чулуу бүрийг хөдөлгөдөг тактикийг манай улстөрчид хэрэглэхдээ гарамгай л даа. Үүндээ хэвлэл мэдээллийг ч чадварлаг ашигладаг нь үнэн.

Харин олон нийт МАН-ын удирдлагуудын нэг нэгнээ мөрдсөн, дагасан мэт өрнөж байгаа дуулианыг саяхан болж өнгөрсөн сонгуулийн хар баримт, бохир технологийн загалмайлсан эцэг “ХЕРО” студийн найруулагч Б.Баатарын дэглэлт байх хэмээн тааварлаж байна.

Ингэхэд тийм ив ижилхэн тавилттай жүжиг яаж яваад МАН-д нутагшаа юм бол? Мэдээлэлд ойр эх сурвалжууд үүнийг тус намд “Херо”-гийн Б.Баатарын дүү УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг нутагшуулсан хэмээн хардаж байна.

бол У.Хүрэлсүхийн нэг үе толгойлж  байсан НАМЗХ-оос гаралтай, тус намын залуучуудын энэ байгууллагын удирдлагаар ажиллаж байсан. Сүүлийн үед мөн л МАН-ын Их хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг эрчимтэй тавьж байгаа нэгэн.

Сонирхол, анхаарлыг зэрэг татаж байгаа өөр нэг зүйл нь өөр хоорондоо ярихад ч хэцүү тодорхойлолттой гэмт хэрэгт нэр холбогдсон Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж, У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн болгох ёстой гэсэн нийгмийн сүлжээний давалгаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд хачир нэмсэн Д.Гантулгын нэр холбогдсон гэмт хэргийг хэн нэг нь нотлоогүй ч ихэнх хүмүүс “ХЕРО” студийн дэглэлт гэж үзэж байгаа. Энэ бүгдийн ард эртнээс бэлтгэсэн хуйвалдаан гэх нь хаашаа юм, сайтар бэлтгэсэн төлөвлөгөөтэй арга хэмжээ нуугдсан юм биш байгаа?

 

Түлхүүр үг: ,

  • WordPress
  • Facebook

12 сэтгэгдэлтэй

  1. Намын даргад санаархаад ганц ард түмний хүү Хүрэлсүхийг оролдож эхэлж байна ТӨРд нэмэртэй хүнээ хөөж явуулах гээд байнаа даа

    Хариулах
  2. Хүрэлсүх юмны наад захыг олчих байх аа. Нээх тэгэж хүнээр заалгаад байх хүн биш шүү дээ. Битгий тэгэж хүн гүтгэж байлдаа.

    Хариулах
  3. Төрийн шийдвэр түмэн олны амьдралтай нягт уялддаг жижигхэн монгол улсын маань ирээдүй МАН-тай шууд холбогддог. Намыг хэн удирдах вэ? гэдгээс монгол улсын хувь заяа хамаарана шүүдээ.

    Хариулах
  4. Ardiin nam zasgiin gazriin 65 suudliig avch chadsan ni mongoliin margashiig shiideh hariutslaga huleej bui hereg. Ene ni neg talaaraa MAN-ii asuudal ard tumend hamaatai yum shg bolovch nuguuteguur arai l denduu niigemd stress nemeed bh shg. Tegheer enehuu asuudlaa sagaj devergelgui ali boloh hurdan hugatsaand shiideh ni zuv bolovu!

    Хариулах
  5. Би энийг АН с шидсэн маш том хорны чулуу, ур чадвартай найруулсан жүжиг гэж бодож бна. Ардчилсан хулгайчуудаас гарахгүй муу санаа байхгүй. Эх орон гэсэн үзэл бүр ч байхгүй. Монголчуудыг хооронд нь алалцуулж засгийг гартаа авах гэсэн арга гэж бодно. АН д ганцхан Х.Баттулга гэсэн цэвэр цусны Монгол банхар бий. Бусад нь бүгд бохир цусны бээжин хавууд шүү дээ.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.