“Тurkish airlines” компанийн нислэг саатсан тул санал тооллого хойшилж магадагүй

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр орой мэдээлэл өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг өнөөдөр (2017.07.08) 12.00 цаг орчимд зарлана гэж байв. Европ, Азийн орнуудад санал өгсөн гадаадад байгаа монголчуудын саналын хуудсыг онгоцоор хүлээн авч тоолоод эцсийн дүнгээ гаргах байв. Өглөө зарим улсад буй монголчуудын саналыг хүлээн авсан СЕХ тооллогын бэлтгэл ажилд орсон байна.

Гэвч Европын зарим улс оронд санал өгсөн сонгогчдын саналыг тээвэрлэх “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буухаар хойшлогдсон гэж СЕХ мэдээлсэн байна. СЕХ хэдэн цагт хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгөх гэж байгаагаа зарлаагүй байна. Өнөөдөр өглөө хүлээгдэж байсан Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн хэсгийн хорооны саналыг СЕХ хүлээн авч, 1983 хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэж дуусчээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн