Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг

1. Хөдөлмөрийн дэвтрийн баталгаажилтын талаар

3.1.1. Хөдөлмөрийн дэвтэрт тэтгэвэр тогтоолгох иргэний овог, нэр, төрсөн он, сар, өдөр, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн он, сар, өдөр, тушаал шийдвэрийн дугаарын бичилт, баталгаажилт нь тухайн үед мөрдөж байсан журам, зааврын дагуу зөв бичигдсэн эсэхийг нягтлан шалгана. Хэрэв буруу зөрүү бичигдсэн, бичилт нь засвартай болон хөдөлмөрийн дэвтрийг шинээр хуулбарлан бичүүлсэн байвал архивын сан хөмрөгөөс гаргуулсан тушаал, шийдвэрийн лавлагааг хавсаргана.

3.1.2. Иргэн 1995 оноос өмнө хугацаат цэргийн алба хаасан бол алба хаасан тухайн цэргийн ангиас баталгаажуулсан цэргийн батлах буюу холбогдох цэргийн байгууллагын архивын лавлагааг хавсаргана.

3.1.3. Хөдөө, аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн малчнаар ажилласан он, сар, өдөр, авсан хөдөлмөрийн хөлсний бичилт баталгаажилтыг нягтлан шалгана. Хөдөлмөрийн дэвтэр буруу бичигдсэн, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй, эсхүл шинээр хуулбарлан бичүүлсэн байвал тухайн үеийн нэгдлийн гишүүний цалин, хөлсний 70 дугаар дансыг үндэслэн аймгийн архиваас гаргасан ажилласан хугацаа, авсан хөдөлмөрийн хөлсний лавлагааг хавсаргана.

3.1.4. Иргэний 1991 оны 7 дугаар сарын 1-нээс 1995 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан хугацааг тооцохдоо уг иргэний ажиллаж байсан байгууллага нь цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах бусад сангаас 13.5 хувиар тооцож тэтгэврийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архиваас гаргасан лавлагааг хавсаргана.

3.1.5. Иргэний ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, үндсэн баримт бичиг нь үрэгдсэн, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар, өдөр, дугаар засвартай бөгөөд энэ нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана.

3.1.6. Иргэний 1995 оноос өмнө ажилласан хугацааг архивын лавлагаа, шүүхийн шийдвэрээр тооцох тохиолдолд тухайн архивын болон шүүхийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, шийдвэрийг хавсаргана.

2. Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын талаар

3.1.7. Аж ахуйн нэгж, байгууллага /хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч/ нь нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, орлого, төлсөн шимтгэлийн хэмжээг сар бүр үнэн зөв бичсэн байна. Харилцагч нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн хөдөлмөрийн хөлс, орлого, төлсөн шимтгэлийн хэмжээг он, сар тус бүрээр хянаж, баталгаажуулсан байна.

3.1.8. Нийгмийн даатгалын дэвтэрт тухайн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, орлого, төлсөн шимтгэл буруу зөрүүтэй бичигдсэн байвал харилцагч нийгмийн даатгалын хэлтсийн архиваас уг хугацааны лавлагааг авч хавсаргана.

3.1.9. Иргэн 1995 оноос хойш хугацаат цэргийн алба хаасан бол алба хаасан уг хугацааг баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцно. Хэрэв уг хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр байхгүй бол түүний алба хаасан цэргийн анги, байгууллагатай харилцаж байсан нийгмийн даатгалын хэлтсийн архиваас гаргасан тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай лавлагааг хавсаргана .

3. Цалин, хөлсний тодорхойлолтын талаар

3.1.11. Иргэн 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл аль дараалсан 5 жилийг нь сонгохыг тодруулан зөвлөж энэ хугацаанд авч байсан цалин хөлсний тодорхойлолтыг НД№16 маягтаар тухайн ажиллаж байсан байгууллагаар эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг хавсаргана.

3.1.12. Иргэн нь 1995 оноос хойш ажилласан хугацаанд шимтгэл төлсөн цалин, хөдөлмөрийн хөлс, орлогоос тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл дараалсан 5 жил нь хэдээс хэдэн он хүртэл болохыг тодруулан зөвлөж энэ хугацаанд шимтгэл төлсөн цалин, хөдөлмөрийн хөлс, орлогыг баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр эсвэл тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан архивын лавлагааг хавсаргана.

3.1.13. Даатгуулагчийн үндсэн ажлаасаа гадуур ажил, үйлчилгээ эрхэлж олсон орлогоосоо төлсөн шимтгэлийг “Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас”-аар бүртгэж баталгаажуулах бөгөөд уг хуудсыг нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргана.

4. Хөнгөлөлттэй болзол, хөдөлмөрийн нөхцөлийн талаар

3.1.14. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн, 50 нас хүрсэн эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл өсгөсөн дөрөв, түүнээс дээш хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

3.1.15. Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгох эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ нь зөрчилтэй тохиолдолд уг гэрчилгээний бичилтийн үндэслэлийг иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэлтэй тулган шалгасан байна.

3.1.16. Иргэн хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тохиолдолд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан “тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баримтална.

Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох иргэний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил, мэргэжил нь дээрх жагсаалтад заасан ажил, мэргэжилтэй тохирч байна.

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.