УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ тодорхой санал хэлж, зарим зүйл заалтыг тодруулж асууж байлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн ерөнхий архитектор Э.Анар нар оролцож, хуулийн төсөлтэй холбогдуулж асуусан гишүүдийн асуултад хариулав.

Гишүүдийн зүгээс энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Улаанбаатар хот удирдлагын хувьд ямар байх, дагуул хот ямар түвшинд хөгжсөн байх ёстой юм, нийслэл хот, дүүрэг, хороо ямар чиг үүрэгтэй байх ёстой гэдгийг нарийвчлан тусгаж өгсөн нь зүйтэй гээд Үндсэн хуулийн шинэчлэлтэй уялдуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн