Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль түүхэнд үлдэх нь тодорхой. Элдэв сонин хачин бүр байж боломжгүй явдлаар дүүрсэн сонгууль Монголд урьд хожид болж байгаагүй юм. Гэхдээ сонгууль эцэслэгдээгүй. Долдугаар сарын 7-нд дахин санал хураалтаар шийднэ гэж байна. Гэхдээ тэр өдөр эцсийн шийд гарах нь бас л бүрхэг. Бүр дахиад нэр дэвшигчдээ шинээр тодруулж сонгууль эхнээсээ дахих ч магадлалтай ажээ.

МАН, МАХН, АН-ын нэр дэвшигчид ингэж тодорсон

М.Энхболд. Тэрээр МАН-ын дарга. Нэр дэвшиж, өрсөлдөх эсэхээ ихээхэн “бодож” байж шийдсэн. Ерөнхийдөө ард түмний хандлага ямар байгааг мань хашир улстөрч гадарлаж байсан гэдэг. Тиймээс энэ сонгуульд өнжихөөр болсон ч зарим нэг шахалтаар нэр дэвших болжээ. Уг нь МАН-аас Ц.Нямдорж юм уу, Ө.Энхтүвшин нэр дэвшсэн бол арай өөр дүн үзүүлэх байсан болов уу.

С.Ганбаатар. Уг нь МАХН-аас намын дарга Н.Энхбаяр нэр дэвшсэн. Гэвч СЕХ хориг тавьсан юм. 2012 оноос хойш дөрөв дэх сонгуульдаа өрсөлдөх эрхийг ийн СЕХ хаасан гэж болно. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан С.Ганбаатар нэр дэвшсэн.

Х.Баттулга. АН-ынхны хувьд нэгдмэл саналаар нэр дэвшүүлсэн кандитат биш. Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нарын 5-6 хүн нам дотроо өрсөлдөж Х.Баттулга гарч ирсэн. Магадгүй, тэрээр маш их хүчээр Ерөнхийлөгчид нэр дэвших эрх олж авсан хүнээр нэрлэгдэх байх. АН-ын дотоод сунгааны өрсөлдөөн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураатал дуусаагүй л байсан. Зарим лидер нь хүчээр шахам Х.Баттулгыг дэмжсэн үг хэлж байсан ч тэдний харьяалагддаг жирийн гишүүд нь эсрэг байр сууриа хадгалсаар байсан.

Сурталчилгаанаас өмнө цус шинжлээд эхлэв

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 2017 оны зургадугаар сарын 6-нд эхэлсэн. Гэтэл түүнээс ч өмнө, тавдугаар сарын сүүлчээр нэр дэвшигчдийг харлуулсан элдэв мэдээлэл хэвлэлүүд, цахим хуудсуудаар яваад эхэлсэн. Ингэхдээ М.Энхболдыг хятад угсаатай, Х.Баттулгыг орос эхнэртэй, төмөр замын мөнгө идсэн гэмт хэргийн яллагдагч, С.Ганбаатарыг дипломгүй гэсэн мэдээллээр зогсоо зайгүй нүдэж эхэлсэн. 1993 оноос хойш долоон удаагийн сонгуульд сурталчилгаа эхлэхээс өмнө ийн “байлдаж” эхэлсэн сонгууль байхгүй. Хамгийн гол нь өндөр төвшинд бэлтгэсэн хар сэдэвтэй нэвтрүүлгүүд сурталчилгаанаас өмнө ээлж дараалан цацагдсан юм. Тиймээс хараар будуулсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа нээж байв.

Хар PR-ын хүүхэлдэй Г.Доржзодов

Сонгуулийн үеэр од болон тодорсон нэг хүн бол Г.Доржзодов. Энэ хүн алдарт 60 тэрбумыг босгох тухай эрх баригчдын ярианы бичлэгийг хийсэн хүн болж таарсан. Тэрээр томоохон намуудын нөгөөгөө намнах сөрөг ажиллагааны хүүхэлдэй болсныг олон нийт нэгэн дуугаар хэлж байгаа. Г.Доржзодовоор дамжуулан 60 тэрбумын бичлэгийг баталгаажуулахаар төлөвлөсөн нь бараг л 100 хувь биеллээ олсон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн Г.Доржзодовын мэдэгдэлд МАН Тусгаар тогтнолын ордондоо хариу мэдэгдэл хийсэн бол тэр өдөр нь Архангайд ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат шууд бичлэгээр байр сууриа илэрхийлсэн. Хамгийн гол нь Г.Доржзодовын ярьсан Ж.Мөнхбаттай саунд уулзаж, сая доллар өгөх авах тухай ярьсан зэргийг тэрээр шууд бичлэгээрээ хүлээн зөвшөөрсөн юм.

 

Эвлүүлэг үү, бодит бичлэг үү?

МАН-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарын хүмүүс 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан бичлэг анх УИХ-ын сонгуулийн өмнө цацагдсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүр дэлгэрэнгүй болж “нийтийн хүртээл” болсон. УИХ-ын сонгуулийн дараа энэ бичлэг эвлүүлэг болохыг тогтоосон хувийн байгууллагын дүгнэлт гарсан. Бичлэг 90 минут болж дэлгэрсэн ч МАН-ынхан энэ байр сууриа л хадгалж байв.

Сурталчилгааны төгсгөл хавьд хууль хяналтын байгууллагын удирдлагууд, томоохон устөрчдийн УИХ-ын даргад бараалхаж байгаа бичлэг цацагдсан. Мөн Хотын удирдлагад ажиллаж байсан Т.Билэгт, Ц.Батбаяр, Б.Баатарзориг, Ц.Болдсайхан нарын УИХ-ын даргад ууттай бэлэг барин золгож, алиа марзан зүйлийг ярилцаж байгаа бичлэг бас ил болсон. Гэсэн хэдий ч энэ бүхнийг эвлүүлэг гэсэн мэдэгдлийг МАН хийж байгаа. Нэр дэвшигч М.Энхболд ч 26-ны санал хураалтын дүнгийн талаар мэдээлэл хийхдээ “Эвлүүлэг ихээр цацагдсан” хэмээн мэдэгдсэн юм. Эцэст нь сүүлийн хэдэн бичлэгийн эвлүүлэг, эсвэл бодит бичлэг гэдгийг хуулийн байгууллага тогтоогоогүй байна. Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр бичлэг хийж байсан Г.Доржзодов шиг хүмүүс хууль, хяналтын байгууллагад шалгуулж эхэлсэн гэж байна.

Орос, Хятад биш Америк, Солонгос гарч ирэв

Сонгууль эхлэхээс нэлээд өмнө, нэр дэвшигчид тодорч байхад л МАН-ын М.Энхболд урд хөршийн, АН-ын Х.Баттулга хойд хөршийн дэмжлэгтэйгээр сонгуульдах гэж байна гээд баахан “буудалцсан” даа. Гэтэл сонгуулийн санал хураалт дуустал хоёр хөрш маань лав үзэгдсэнгүй. Харин гуравдагч хөршүүдийн “оролцоо” энэ сонгуульд нэлээд харагдлаа.

60 тэрбумын бичлэгийг хийсэн Г.Доржзодов цагдаагийнхнаас зугтаж яваад нэгэн айлд нуугдсан. Тэр айл нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнх байв. Түүний нөхөр АЭНУ-ын иргэн. Тиймээс Г.Доржзодов тэднийхээс гаралгүй хэд хоносон. Улмаар АНУ-ын Монгол дахь Элчин сайд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд очих гэж байна. Г.Доржзодовыг АНУ-ын ЭСЯ хамгаална ч гэх шиг үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд гарсан.

Мөн БНСУ-ын иргэн Ю Ван Су гэдэг хүн нэр дэвшигч С.Ганбаатарт 50 сая вон өглөө гээд л баахан шуугив. Яг үнэндээ гадаадын иргэнээс 50-хан сая вон аваад суудаг Ерөнхийлөгчид нэр дэвшигч ч гэж юу байхав. Мөн нэг солонгос нөхөр Монголын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг олж очиж мөнгө өгөөд, дараа нь Монгол Улсын СЕХ-г олж очоод “…Би мөнгө өгчихлөө. Одоо шалгаарай” гэсэн гээд л энэ явдал үргэлжилнэ. Юу гэхэв дээ, энэ бүхнийг…

СЕХ-ны мэдэн будилсан мэдэгдлүүд 

Монголын хамгийн итгэл муутай төрийн байгууллагаар СЕХ-г нэрлээд унавал гайхах хэрэггүй боллоо. Хэн ч халдашгүй, чин үнэнээр шийдэх ёстой ажлын хамгийн дээр сонгогчдын саналыг тоолох ажил байх ёстой юм. Гэтэл сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулаад явж байтал саналын тоо дэлгэц дээр гэнэт гацсан. Ингээд дараа нь үргэлжлэхдээ М.Энхболдынхоос 14 мянгаар тасраад явж байсан С.Ганбаатарын санал буурсаар өглөө гэхэд гүйцэгдсэн байв. Болсон явдал энэ.

Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн санал хураалтын шөнө “…Зарим хэсгийн хорооноос мэдээ ирэхгүй байгаа. Хол учраас асуудалтай байгаа юм” гэж байв. Гэтэл маргааш /2017.6.27/ нь дүнг танилцуулахдаа “…Мобиком, скайтелийн сүлжээг унагаж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан учраас дүн ирэхгүй удсан” гээд аваад хаячихав. Уг нь Ч.Содномцэрэн санал хураалтын өмнөх өдөр /2017.6.25/ “…Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Санал хураалт 22:00 цагт дуусна. Үүнээс цагийн дараа сонгуулийн урьдчилсан дүнг хэвлэлийнхэнд танилцуулчихна” гэж байв. Үнэхээр санал хураалтын шөнө саналын тоо гэнэт гацах хүртэл бол 23:00 цаг гэхэд урьдчилсан дүн гараад ирэхээр л байсан. УИХ-ын сонгуулиар хэдэн зуун хүнд өгсөн саналыг тэгж гаргаад болоод л байсан. Гэтэл энэ сонгуульд өгсөн гурван хүнийх маш жигтэйгээр гацаж, улмаар дүн нь өөрчлөгдсөн юм. Энэ талаар гагцхүү СЕХ-ны удирлагууд л мэдэж буй юм.

Ачаатай мөнгөний учрыг ажиглагчид ингэж тайлбарлав

Сонгууль бүрээр хэн нэгэн нэр дэвшигч мөнгө тараагаад бараг сурчихсан. Дөжирсөн ч гэвэл болно. Гэхдээ жил ирэх тусам энэ нь Монгол Улсын иргэний хамгийн том эрх буюу сонгох эрхээ худалдаж байгаа аюултай асуудал гэдгийг манайхан ойлгодог болсон. Гэвч энэ хэрээр саналыг нь авахаар зарцуулдаг мөнгөний тоо нь улам өсчээ. Энэ жил намууд 50 мянган төгрөг тараасан тухай барим тавим мэдээлэл сонгуулийн санал хураадаг өдөр зөндөө дуулдав. Санал хураахаас хэд хоногийн өмнө АН-ын нэгэн машиныг Говь-Алтай аймагт саатуулахад тэрбум гаруй төгрөг гарч ирж олныг ангайлгав. Захын малчин хүртэл мобайл банк ашигладаг болсон энэ цаг үед хаа байгаа Говь-Алтай хүртэл жийп машинаар хэдэн хайрцаг бэлэн мөнгө тээвэрлэнэ гэдэг сэжигтэй асуудал л даа. Түүнчлэн санал хураадаг өдөр МАН-ынхан мөнгө тараалаа, АН санал худалдаж авлаа гэх гомдол тасраагүй. Энэ тухай хэвлэлийнхэн дуугарахаар “Гүтгэлээ” гээд л гүрийнэ. Тэгвэл Олон улсын ажиглагчдын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан тайландаа энэ тухай дурджээ. Олон улсын ажиглагчдын хорооны 16 орны 22 ажиглагч манай улсын сонгуулийг ажиглажээ. Ингэхэд санал хураалтын өдөр цагдаагийн байгууллагад ирсэн 150 орчим гомдлын 86 нь санал худалдаж авахтай холбоотой байсан нь анхаарал татаж байна гэжээ.

МАН бужигнаж, АН эвлэлдэж эхлэв

МАН. Яг үнэндээ долдугаар сарын 9-нд товлогдсон санал хураалтын дүн энэ намын олонхид сонин биш байх шиг байна. Харин 26-ны санал хураалтын дүнг бодитой бөгөөд төсөөлөөгүй муухай гарлаа гэж үзэж байгаа ажээ.

Тиймээс хариуцлагын асуудлыг яриад эхэллээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр сонгогчдын өгсөн санал нь МАН өнгөрсөн нэг жилийн хугацаанд яаж ажилласныг л дүгнэсэн хэрэг гэцгээж байна.

Сонгуульд ялсан намын амлалтыг Засгийн газар нь биелүүлдэг номтой. Харин өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд өгсөн амлалтыг эсрэгээр нь хэрэгжүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох ажлыг хэзээ мөдгүй  эхлүүлж магадгүй байна. Тэр нь Засгийн газар, түүний тэргүүн Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал яригдаж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, 26-ны санал хураалтаас хойш МАН бужигнаад эхэллээ. Нуугдмал байсан бүлэг фракцууд нь эвлэлдэж, УИХ-ын сонгуулийн ялалтаас хойш “Би”-ийн өвчин тусч, сонгуулийн амлалт, сонгогчид, тэр бүү хэл журмын нөхдөө огоорсон нөхдүүдтэй хариуцлага тооцох ажлаа эрчимжүүлнэ гэсэн мэдээлэл байна.

АН. Энэ нам олон фракцтай. Түүнийхээ үйлийг хангалттай эдэлж яваа нам. Энэ сонгуульд л гэхэд АН бүрэн хүчин чадлаараа зүтгэсэнгүй. Энэ нь АН хэзээ ч нэг цул болохгүй гэдгийг хэлж байгаа хэрэг. Гэхдээ АН-ын тэр олон фракцын цаана хүмүүс л байгаа. Тиймээс хүн л болсон юм хойно 2016 оны сонгуулиас хойш гудамжинд гүйсэн, дахиад төрийн тодорхой эрх мэдлийг хуваалцах боломж тохиоход цаашаа гэдэггүй юм байна. Сонгуульд нэр дэвшилт, сурталчилгаа, санал хураалт хүртэл тархай бутархай байсан АН-ынхан сүүлийн гурав хоногт эргэн цуглаж, С.Эрдэнэ даргын “Шонхор тауэр” хийгээд Ардчиллын ордон, Баянгол зочид буудал  хөл хөдөлгөөн ихтэй болоод байгаа ажээ. Учир нь Х.Баттулга эхний даваанаас нэгээр гарч АН-ынханд итгэл өгөөд байгаа бололтой. Тиймээс тэд фракц хамааралгүйгээр нэр дэвшигч рүүгээ хошуурч эхэллээ.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн