Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 9-ний ням гарагт товлогдлоо. Санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөхөөр болсныг Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан.

Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 68.27 хувь нь оролцож, саналаа өгснөөс 18-25 насныхны ирц хамгийн бага байсныг мөн онцолсон. Өөрөөр хэлбэл, цахим ертөнц дэх хамгийн идэвхтэй шүүмжлэгчид бодит амьдрал дээр дийлэнх хэсэг нь саналаа өгсөнгүй. Шууд утгаараа гол шүүмжлэгчид үүргээ биелүүлсэнгүй. Монголын ирээдүй болсон залуус яагаад саналаа өгсөнгүй вэ, сонгуулиас сонгуулийн хооронд залуучуудын ирц яагаад буурах болов гэх асуултад хар пиараас залхаж, сонгууль шударга болдоггүй гэх үндэслэлээс үүдэлтэй саналаа өгдөггүй гэх дүгнэлтийг судалгааны байгууллагууд өгдөг.

Цахим орчин дахь эцэс төгсгөлгүй улс төр, худал, үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл дунд залуус битгий хэл учир мэдэх хүмүүс ч төөрөлдөж, эцэстээ байр суурьгүй болсон гэхэд хилсдэхгүй. Ямартаа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг өрөвдсөндөө саналаа өгчихлөө, энэ хүн гарахгүй байх гэсэндээ ганц санал нэмэрлэчихлээ, МАН, АН-ын нөхдүүд байснаас гурав дахь нь дээр гээд сонгочихлоо гэх байдлаар иргэд саналаа тайлбарлах нь олон байв. Хэнд саналаа өгөх нь иргэний сонголт.

Сонголтын үр дүн ч урьдчилсан байдлаар гарлаа. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг Монголын ард түмэн, тэр дундаа нийслэлчүүд хамгийн их дэмжив. Тэрбээр нийт сонгогчдын 38.11 хувь буюу 517.478 сонгогчийн саналыг авсан. Хэдийгээр цахим орчинд 17 чингэлэг спиртийн хэргээс эхлээд төмөр замын овоолсон шороо, оффшор гээд түүнтэй холбоотой олон сөрөг мэдээлэл хөндөгдсөн ч хоёр цагийн мэтгэлцээний дүн мэдээлэлд ойр иргэдэд хэрхэн нөлөөлж чадсаныг дээрх сонголтоос харж болно. Хоёр ч удаагийн товлогдсон мэтгэлцээнээс хойш сууж, сурталчилгаа хаагдахын өмнөх өдөр хүчээр шахуу оролцсон мэтгэлцээний үр дүн түүнд ялалтын амт амсуулах шахлаа.

Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын тухайд нийт сонгогчдын 30.32 хувь буюу 411.748 санал авав. Орон нутагт голлох санал авсан нь харагдаж байгаа ч үүнээс илүү авах боломж нөхцөл бий гэлцэнэ. Гагцхүү 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Бат-Эрдэнийг унагах ажиллагааг дотроосоо хийсэн шиг үйл явдал энэ удаад ч давтагдав бололтой. Ах намын зарим эрхэм М.Энхболдод л битгий өгөөрэй, С.Ганбаатар, С.Баттулга хоёрын хэнийг нь ч дэмжсэн болно гэх байдлаар ухуулга сурталчилгаа хийсэн гэх мэдээлэл нэгээр тогтохгүй ирж байна. Үнэхээр ч С.Ганбаатар, М.Энхболд хоёр орон нутагт ижил хэмжээний санал авсан нь нам доторх фракцийнхны нь явуургүй ажиллагаатай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Иймээс М.Энхболд дахин саналт хураалт болох энэ богино хугацаанд гадагшаа бус дотогшоо тулж ажиллах нь илүү оновчтой харагдана. Нөгөөтэйгүүр, 60 тэрбум гэх үнэн, худал нь үл мэдэгдэх эл хэрэг нийслэлийн иргэдийг төөрөгдүүлж, М.Энхболдыг нэр хүндгүй болгосон гэдэг нь ил. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг ард түмэн биш анд нөхөд нь өнөөдрийн ялагдалд хөтөллөө.

Хэдийгээр дахин санал хураалт хүртэл сурталчилгаа хориотой ч цахим ертөнцөөр ил болоод далд сурталчилгаа хэдийнэ идэвхжчихсэн байна. Сурталчилгааны үеэр явж байсан элдэв эвлүүлэг, дүрс бичлэгүүд амилж, сонгуулийн үеэрх элдэв үйл явдлаар өнгө төрхөө хачирласан нь харагдана. Иймээс дахин санал хураалт болтол цахим ертөнцийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт ч шаардлагатай бололтой. Чухамдаа цахим орчинд ёс зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатайг улс төрийн намууд ч хүлээн зөвшөөрөх хандлага бий болжээ.

Цаашдаа ч Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага бийг эрх баригчид энэ хугацаанд тунгаасан биз. Цаасан хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явагддаг байсан өнгөрсөн сонгуулиудаар өнөөдрийнх шиг хар пиар, элдэв эвлүүлэг хүчээ авч, нэгнийгээ элдэвлэж байсангүй. Цахим орчин нэгнийхээ эсрэг далайсан хутга, өрсөлдөгчийнхөө өөдөөс шидсэн чулуу болж, үнэн мөнийг ялгахааргүй хар пиар дунд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ч иргэнд таниулах боломж олгосонгүй. Гагцхүү худал хуурмаг мэдээллээр тархиа угаалгаж, эцэст нь сонгуулийн солиорлоос залхаж, сонголтоо хийхээс ч түвэгшээх байдал бий болов.

Тэр бүү хэл, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван эрхмийн хэн нь ч төрд битгий хэл Монголд оршин тогтнохооргүй нөхөд болж хувирахыг нийтээрээ харлаа. Тэднийг Төрийн тэргүүнээр залах нь бүү хэл, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, цаазын ял оноосон ч багадахаар нөхцөл байдлыг цахим орчин бий болгов.

Үр минь үлдэх хорвоо шүү дээ. Гэр бүл, үр хүүхэд, үнэт зүйл рүү нь давшилсан энэ мэт зүйлийг таслан зогсоохын тулд цахим орчинд хязгаарлалт, эрх зүйн зохицуулалт, төрийн төмөр нударга үгүйлэгдэж байна. Сонгогчдод бодит мэдээллийг, хар цагааныг ялгуулахын тулд цаасан хэвлэлийг Сонгуулийн тухай хуульд тусгах шаардлага ч тавигдаж байна. Цаасан хэвлэл баримт болон үлдэж, хадгалагддаг учраас барин тавин мэдээлэл тавьж, ор үндэслэлгүйгээр бусдыг буруутган зэвүүцдэггүй. Учир нь тэнд цахим ертөнцөөс цамнаж хайгаад олдохгүй байгаа мэргэжлийн сэтгүүлчид чинь ажилладаг юм.

Эх сурвалж: Л.НИНЖСЭМЖИД

 

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн