Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хуваагдсан 5 гол шалтгаан

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт өчигдөр (2016.06.26) орой 22.00 цагт өндөрлөж, СЕХ сонгуулийн дүнг танилцуулж эхлэх мөчөөс гурван нэр дэвшигчийн хэн нь ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хэмжээний санал аваагүй гэдэг нь тодорхой болж эхэлсэн юм.

Нийслэл болон аймаг сумдын Сонгуулийн хэсгийн хороодоос ирсэн мэдээгээр М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар харилцан адилгүй санал авч, аль нэг хэсэгт хэн нэг нь ялж нөгөө нь сүүл мушгиж байхад өөр нэг хэсэгт мөн л нэг нь олонхийн санал авч нөгөө нь “чирэгдэж” байлаа. Мэдээлэл нэр дэвшигчийн хэн нь Сонгуулийн хуульд заасан ялагчийг тодруулахад хүрсэн байх ёстой 50+1 хувийн саналыг авч чадаагүйг харуулж байв.

Өглөөний 06.30 минутын мэдээгээр 1984 хэсгийн хорооны гурваас бусдынх нь урьдчилсан дүн гарав. Энэ дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411 519 сонгогчын санал, Х.Баттулга 517 330 сонгогчын санал, С.Ганбаатар 409 977 сонгогчийн санал аваад байна.

Өмнө нь зургаан удаа болж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн санал ингэтэл хуваагдаж байсан түүх үгүй. Гурван нэр дэвшигчтэй сонгууль гурван удаа болж Н.Багабанди хоёрт нь 60.81 болон 58.13 хувийн саналаар ялалт байгуулж байсан бол Ц.Элбэгдорж 50.23 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Харин дөрвөн нэр дэвшигчтэй өрнөсөн 2005 оны сонгуулиар Н.Энхбаяр 53.44 хувийн санал авч байлаа.

Баримтууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурав байтугай дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн ч ялагч нь төвөггүй тодорч байсныг харуулна. Гэвч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал ингэтэл хуваагдаж, санал хураалт дахин явагдах хэмжээнд хүрсэн гол шалтгаан юу байв?

Хар пиар

Сонгуулийн сургаар Х.Баттулгын штабаас эхлүүлсэн хар пиар сонгогчдын хувьд шийтгэл болж байлаа. Сөрөг хүчний хар бараан мэдээллийг тэнцүүлэх гэсэн МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын Сонгуулийн штаб Х.Баттулгад ижил хэмжээний хариу бэлдсэн нь нийгмийг бүхэлд нь хоёр хуваах хэмжээнд хүргэв. Нийгмийг бүхэлд нь харлуулсан пиар гэсэн гоё үгээр далдалсан “зодоон” харин С.Ганбаатарт ашигтайгаар нөлөөлөв.

Сонгуулийн сурталчилгаа бараг хийгээгүй, зах зээлийн газраар явж, хэд гурван сонгогчтой уулзаж явсан С.Ганбаатарын төлөө МАН, АН хоёрын “зодоон”-д дургүйцсэн хүмүүс саналаа өглөө. Энэ сонголтын үр дүн одоо олны гайхлыг төрүүлж, ярианы гол сэдэв болж байна.

Мөнгө

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд бэлэн мөнгө их хэмжээгээр тараагдсан байх магадлалтай баримтууд ил болсон. Хамгийн том жишээ Говь-Алтай аймагт саатуулагдсан “Милл хаус” компанийн эзэмшлийн автомашинаар илэрсэн 1 тэрбум 80 сая төгрөг. АН энэ мөнгөний талаар таван янзын тайлбар өгсөн байгаа. Мөн Дорноговь аймагт 90 сая төгрөгтэй явж байгаад саатуулагдсан Зам тээврийн сайд А.Гансүхийн ойрын хүмүүсийн дуулианыг энд дурдаж болно.

Үүн дээр нэр дэвшигч С.Ганбаатарын Солонгосчуудаас авсан 50 сая воны асуудал нэмэгдэнэ. Цагдаагийн байгууллага өчигдрийн (2017.06.26) 20.00 цагийн байдлаар эд зүйл, мөнгө тараасан 13 гомдол мэдээлэл хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дахин явагдах өдрийг хүртэл эдгээр маргаанууд ил болж таарах байх. Эдийн засгийн хямралын үед бүгд бүсээ чангалж байхад гэв гэнэт гараад ирсэн тэрбумаар хэмжигдэх мөнгө хаанаас гарсан бэ. Үүнийг хэн ямар зорилгоор, яах гэж тээвэрлэж явсан бэ гэсэн асуулт өнөөдөр сонгогчдын сонирхолыг хамгийн ихээр татаж байна.

УИХ дахь 65 суудал

УИХ-д хэт олонхийн суудал авсан улс төрийн нам дараагийн сонгуульд заавал ялагддаг үзэгдэл ёс мэт давтагддаг жишээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль харууллаа. Парламентад хэт олонхийн суудал авсан улс төрийн нам эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг. Ингэхдээ хэрээс хэтрүүлдэг гэдгийг 2012-2016 онд Засгийн эрх барьсан АН нотолсон.

АН-ын засгийн эрх барих хугацаандаа гаргасан алдаанууд өнөөдрийн эдийн засгийн хямралыг тавьсан нь иргэд бухимдаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн парламентад 65 суудал авсан МАН-ыг АН шиг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байсан нь сонгогчдын дунд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын биш хүнийг дэмжих нь зөв гэсэн хандлага давамгайлахад хүргэх шиг болов.

Жаран тэрбумын дуулиан

Гурван сонгууль дамжин өрнөсөн энэ дуулиан сонгуулийн санал хуваагдах гол шалтгааны нэгд зүй ёсоор тооцогдоно. 60 тэрбумын бичлэг гээчийг түгээсэн иргэн Г.Доржзодовыг Ерөнхийлөгчийн сонгуульд АН бүрэн хэмжээгээр ашиглав.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хүн чанарын тухай ярих нь илүү хэрэг байв. Дуулианы гол дүрд тоглосон Г.Доржзодовын ирээдүйд хэн ч санаа зовоогүй юм.

Технологийн дэвшлийн хар сүүдэр

Сүүлийн үеийн сонгуулиуд технологийн дэвшил дээр тулгуурлагдан явагдаж байгаа. Энэ удаагийн сонгууль ч үүнээс гажсангүй. Эвлүүлэг, гүтгэлэг, нотолгоогүй баримтыг иргэд зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд цаг тутам нийлүүлж, сонгогчдод нөлөөлөхөөр оролдож байв. Үйл явдлын тухай, үнэн худлыг шалгах ёстой гэсэн гомдлууд Цагдаагийн байгууллагад очиж байсан болов уу.

Гайхалтай нь мэдээллийн үнэн зөвийг нотлож, иргэдийн эргэлзээг тайлах ёстой тус байгууллага хэний аль мэдээ, мэдээлэл үнэн болох, хэний түгээсэн баримт худал вэ гэх эргэлзээг тайлах ажил дээр “яст мэлхий”-н хурдаар ажиллах шиг болов.

Санал хуваагдаж, дахин санал хураалт болох нөхцөл үүсэн Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга нийт сонгогчдын 38 хувийн саналыг аваад байна. Гэвч энэ нь Х.Баттулга сонгуульд ялалт байгууллаа гэсэн үг биш. Дараагийн санал хураалт болтол зай бий. Иргэд өнөөдрөөс сонгуулийн өдрүүдэд чухам юу болж байсан. Нэр дэвшигчид халз мэтгэлцээнээр дамжуулан өрнөж байсан дуулиан шуугиантай асуудлуудад ямар хариу өгч байсан болон хэн ямар бодлого байр суурь баримталж байсан бэ гэдгийг шүүх харах, эргүүлэн хянах боломж нээгдэж байна.

Д.ХАЛИУН

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

30 сэтгэгдэлтэй

  1. Өөрсдөө л жинхэн пр аа утгаар нь хийх юмаа угаасаа монгол ялсан дахин санал хураалт болсон ч бид сонголтоо хийсэн их сүрхий 5 шалтгаан олж дээ

    Хариулах
  2. Ард иргэдийн сонгох эрхэнд халдахаа болиод өөсдийн толгой дээрх өвсийг хар. Хар пиар МАН-аас эхэлнэлээ. Ард иргэд өөрсдийн үзэл бодлоор Баттулгыг дэмжсэн илэрхий шүү. МАН/ын мөнгө битгий хэл юм тараасан нь баримттай шүү. Манай хадам аавд хүртэл 100 000 өгсөн

    Хариулах
  3. Энхболд ханаж цадах болоогүй юу

    Ер нь энэ хүмүүсийг мангар гэж боддог байхаа Улаан цайм Ардын намын өмнөөс үхчих гээд л бичээд байгааз дээ тэр мэтгэлцээн энэтэрийг нь хараад байгаарай Яг нэг тэнэг амьтан маллах гэж байгаам шиг л байхын болиоч ичиж амьдраач

    Хариулах
    • Даргын хүүхэд заавал дарга болох албагүй,харц ардын хүүхэд ерөнхийлөгч болог.Энэ хүн яс махаараа мэдэрч бизнэс хийж өдий хүрсэн бас ч хийсэн юмтай хүн.Хийгүй,гүндүүгүй, номхон дөлгөөн хүнийг ерөнхийлөгч болгож байлаа,харин одоо хийсэн юмтай хүнийг сонгое гэж бодож байна.

      Хариулах
  4. Хар хайрцаг хакардуулсан Гараар тоол 10 хүнтэй уулзахад 7 нь Энхболдод 2 нь Ганбаатарт, 1 нь Баттулгад өгсөн гэж ярьж байна Үүнээс илүү бөаталгаа гэж байхгүй

    Хариулах
    • Тэнэгтээд байгаараа зүү орох зайгүй МАН харж байхад илбийн хар малгайтай хүн гарч ирээд хакардсан байх нь,бас нөгөө хүн нь гадаадад олон орноор явж хакардсан байна.

      Хариулах
  5. Энэ гурван хүн гурвуулаа л янз бүрийн юманд холбогддог. Хэрэв Х.Баттулга ялбал энэ тэнд шалгагдаж байгаа үнэн худал мэдэгдэхгүй баахан хэрэг замхарна. Их хурал, засгийн газар хоёртойгоо учраа олохгүй. Жаахан ажил хийх гэснийг айлгаад эхэлнэ. Бас тэргүүн хатагтайн асуудал байна. Төрийн тэргүүний эхнэр төрийн долоон эрдэнийн нэгэнд ордог.Дондогдулам хатан нас барахад тэр үеийн ихэс дээдэс төрийн долоон эрдэнийн нэг дутуу байх учиргүй хэмээн Хөвчийн жонон вангийн нутгаас Гэнэнпил хэмээх бүсгүйг олон бүсгүйчүүд дундаас хатнаар сонгон залсан байдаг. Энэ тухай кино ч бий.С.Ганбаатар гарвал Н.Энхбаяр гуай ялсантай яг ижил янз бүрийн атаказ тавиад төрийн ажил мөн л хэцүүднэ. М. Энхболд гуай янз бүрийн бас л үнэн худал нь мэдэгдэхгүй муу нэр зөндөө бий. Ялангуяа газрын наймаа. Ямар ч хотын даргын ажил үүргийн нэг хуваарь бол нийслэлийн газрыг захирамж гаргаж зарах. Гэхдээ энэ хүн гарвал дөрвөн жил тогтворгүй хямарсан төр маань одоо нэг жаахан аятайхан болох дүр зураг харагдаж байгаа учраас цаашид улам тогтворжиж хэл ам хэрүүл тэмцэл нь бага байх болов уу л гэж бодогдоно.

    Хариулах
  6. Энэ адилхан 3 хүний хэн нь ч гарсан адил бус уу. Гагцхүү гадаад төрх нь өөр байна байх. Гаднаас нь харвал өвөртөлсөн дипломоороо нэг нь нөгөө 2-оосоо өөр байх. Тэрийг нь харж сонголт хийсэн нь онох байхаа. Ядаж л гадныханд дипломоо харуулаад явж байг. Ер нь Монголчууд яагаад 3 хуваагдчиваа. Хэн ч гарсан бидэнд хүртээл байна уу. Бидний амьдрал биш, харин гарсан хүний л амьдрал дээшилдэг биш үү.

    Хариулах
  7. МАН нам нэг алдаа байгаа юм ард түмнийг мэрэгжлийн засгийн газар гэж хулихдаад дараа нь 60 тэр бум нотлоод баахан шахааны өлөн нүдтэй гаруудаа тавьсан юм. Энэнд нь ард түмэн сонгогч нийгэм дургүй байгаа юм. Мөн алхам тутамдаа худал хуурмаг хийдэг нөхөдүүд /ноходууд/ нь Доржзодовт мөлжүүлээд өөрийн тархи байхгүй иймэл байна даа. сонгууль

    Хариулах
  8. МАН Нямдоржыг эсвэл АН Амаржаргалыг дэвшүүлсэн бол шууд л ялах байсан ард түмэнд сонголт өгөөгүй шүү дээ тэгээд одоо энэ өөр сайн хүмүүсээ дэвшүүлдэггүй сонин МАНАН юм даа

    Хариулах
    • Амаржаргал, Нямдорж 2 намдаа ямарч итгэл үнэмшил төрүүлээгүй, намдаа нэр хүнд муутайл харагдаж байна, нам нь гаргаж ирэхгүй байхад ард түмэн яах билээ,сонгууль ингэж шаталж явуулдаг хуультай шүүдээ.

      Хариулах
  9. Эхний мөрөнд ерөнхийлөгчийн сонгууль 2016 онд болсон гэж уншаад үргэлжлүүлэхээс дургүй хүрэв. Учир нь инээдээ барьж дийлсэнгүй хахаха

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.