Мозамбик Улсад бондын нэг тэрбум ам.доллар сураггүй алга болжээ

Африкийн Мозамбик улсын олон улсын зах зээлээс босгосон $1 тэрбум гаруй бэлэн мөнгө төрийн эзэмшлийн компаниудаар дамжин сураггүй алга болсныг Kroll Inc компанийн аудитын шалгалтаар илэрчээ. Тус улсын засгийн газар Оросын VTB банк, Швейцарийн Credit Suisse Group банкуудын оролцоотойгоор $2 тэрбумын зээл, бондын мөнгө босгосон юм. Тэгвэл энэ мөнгөний талаас илүү нь ийнхүү ямар ч баримтгүй алга болсон байна.

Тайланд дурдсанаар төрийн өмчийн MAM, Ematum, ProIndicus компаниуд нь ямар ч орлогогүй ажиллаж, удирдлагууд нь баримтыг нууж, аудитаас зугтаж байгаа гэжээ. Гурван компанийн ерөнхий захирлаар нэг хүн ажилладаг нь Мозамбикийн тагнуулын байгууллагын албан тушаалтан Антонио До Росарио гэгч гэнэ. Тэрээр аудитын тайлангийн талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.

Мөнгө санхүүгийн ил тод бус байдлын талаар ноднин жилээс эхлэн яригдаж байсан. Мозамбикийн засгийн газар өмнөх зээлийн мөнгийг хэрхэн зарцуулснаа нууцлан дараачийн зээлээ авч байсан юм. Kroll компани хэчнээн хичээсэн ч $2 тэрбумыг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэл олж чадаагүйгээ тайлагнажээ.

Уг дуулиан гарсны дараа Мозамбик улсад олон улсын донорууд өгөх тусламжаа зогсоогоод байгаа нь Африкийн өмнөд хэсгийн ядуу буурай орныг улам хүнд байдалд оруулсан байна. ОУВС Мозамбикт хэрэгжүүлэх гэж байсан эдийн засгийг нь сэргээх хөтөлбөрөө түр зогсоогоод байгаа аж.

Тэд өмнөх зээлийн зарцуулалтыг тодорхой болготол шинэ хөтөлбөрийн талаар ярихгүй гэж байгаа юм. ОУВС ирэх долдугаар сард төлөөлөгчдөө Мозамбикт илгээж, Kroll компанийн гаргасан аудитын тайлангийн талаар хэлэлцэх гэнэ.


Эх сурвалж: http://www.ikon.mn/n/11o2

 

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.