Монголд төдийгүй дэлхийд ховор тогтоцтой, үе мөч, нуруу, бөөрний өвчин анагаадаг шидтэй гэлцдэг Соронзон хэмээх нэртэй хад Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд бий. Тус сумын нэг иргэн өчигдөр фэйсбүүктээ “Хүдэрийн бахархалт газар Соронзон хадыг ухах нь. Сумын удирдлага, ИТХ-ынхан анхааралдаа аваарай” гэсэн тайлбартай зураг оруулсан юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар Төмөртэй голын эх, Соронзон хад орчимд “Эрдэс групп” компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд дурсгалт хадны ойролцоох газруудыг ухаж, сэндийчээд байгаа гэнэ. Соронзон хаднаас нэг км хүрэхгүй зайд “Эрдэс групп”-ийнхэн хөрс хуулан, ажиллаж байсныг тэрбээр хэлэв.

Тус компанийн лиценз 2037 он хүртэл хүчинтэй аж. Энэ талаар “Эрдэс групп”-ийн захирлаас тодруулахад “Манай компани тэнд ажилладаггүй. Ташаа мэдээлэл байна. Стратегийн орд газрыг юу гэж ухах билээ” гэж үгүйсгэлээ. Харин Хүдэр сумын байгаль орчны байцаагч Н.Энхтүвшинээс иргэдийн түгээсэн мэдээлэл үнэн, эсэхийг лавлахад “Бид тухайн газар руу дөнгөж сая (15.00 цаг орчим) шалгалтаар яваад ирлээ. “Эрдэс групп” биш, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн тэнд байна. Соронзон хадны хойд хэсэгт хайгуулын талбайдаа зам тавьж байсан юм билээ.

Тэдний үйл ажиллагааг зогсоосон. Цаашид зохих байгууллагатай хамтран хяналт тавина” гэв. Дээрх хоёр компани Төмөртэй гол, Соронзон хад орчимд үйл ажиллагаа явуулдгийг тус сумын хэд хэдэн иргэн хэлэв. Хүдэр суманд А лицензтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад ч эл компаниуд байна. Гэтэл нэг нь тэнд ажилладаггүй, нөгөө нь мэдээлэл өгөхгүй гэж цааргаллаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнтэй холбогдож, учир явдлыг тодруулахад “Энэ асуудлаар мэдээлэл өгмөөргүй байна. Ёстой мэдэхгүй” гээд тасалчихав.

Тус сумын иргэн Баяр (нэрийг нь өөрчлөв) “Иргэд Соронзон хадан дээр хэвтэж, суун, ойр орчмынх нь шороогоор биеэ булж, хажуугаар нь урсах Төмөртэй голоос ундаалдаг. Өвчин эдгээдэг гэж шүтдэг энэ хад Сэлэнгийн долоон гайхамшгийн нэг. Бид ухаагүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэж мэлзсээр уул уурхайнхан нэг л өдөр Соронзон хадыг сүйтгэж мэднэ.

Энэ хадыг тойроод малтаад байгаа. Мөдхөн ухчихна, наадуул чинь” хэмээн халагласан юм. Түүний хэлснээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн мөн л А лицензтэй бөгөөд энэ нь 2029 оны аравдугаар сар хүртэл хүчинтэй гэх.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн