Брюссельд амиа золиослогч алан хядагчийг буудаж хөнөөжээ

Бельгийн нийслэл Брюссель хотын Төв вокзал дээр эргүүл хийж байсан цэргийнхэн алан хядагчийн бүс зүүсэн нэгэн байхыг хараад түүн рүү шууд бууджээ. Тэд багахан дэлбэрэлт болсны дараахан түүн рүү гал нээсэн байна. Азаар энэ үеэр хүн өртөөгүй аж. Сүүлд Бельгийн прокурорын газрын төлөөлөгч алан хядагчийн бүстэй эрийг нас барсан гэж мэдэгджээ. Бельгийн Холбооны прокурорын газраас вокзал дээр гарсан энэхүү үйл явдлыг алан хядах ажиллагаа мөн гэж дүгэжээ.

“Libre Belgique” сонины мэдээлснээр эргүүлийн цэргийнхний буудсан этгээд үүргэвчтэй, тэсрэх бөмбөг бүхий бүстэй байсан гэнэ. Тэрээр яг дэлбэрэлт үйлдэх үеэрээ цэргийнхний анхаарлыг татжээ. Бельгийн зарим хэвлэлээр энэ этгээдийг өмнө нь “Аллах акбар” гэж хашхирсан тухай мэдээлж байна. Төв вокзал нь Брюсселийн төмөр замын үндсэн гурван вокзалын нэг юм. Гэхдээ гадаадын галт тэргүүд Төв вокзалд бус Өмнөд вокзалд ирдэг аж.

Брюссельд өнгөрсөн онд томоохон алан хядах ажиллагаа гарч байсан түүхтэй. 2016 оны гуравдугаар сард Брюсселийн нисэх онгоцны буудал, метронд халдлага гарч, түүний хариуцлагыг “Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээсэн билээ. Энэхүү алан хядах ажиллагааны улмаас 32 хүн амиа алдсан бөгөөд тэр цагаас хойш Бельгийн нийслэлийн хүн олонтой газруудад цагдаа, цэргийнхэн байнгын эргүүл хийдэг болжээ. Үүнээс гадна Исламын улсын Брюссель дэх үүрийг 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон, 130 хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэн гэж үздэг юм.

Тэрэг дэлбэлжээ

Брюсселийн Төв вокзалын ачаа ангилах хэлтэс ажилладаг Николас ван Херревеген “Франс пресс” агентлагт өгсөн тодруулгадаа “Аллах акбар” хэмээн хашхирч, тэрэг дэлбэрч байгааг сонссон гэжээ. “Би тэрхүү дэлбэрэлтээс ханаар тусгаарлагдсан байлаа. Тэгээд ажлынхандаа хүмүүсийг яаралтай гаргах хэрэгтэй гэж хэлсэн. Сэжигтэн этгээд тэнд байсан ч дараа нь бид түүнийг харахаа больсон. Дэлбэрэлт тийм ч хүчтэй байгаагүй ээ. Гэхдээ сайн сонсогдохоор байсан. Бүгд л зугтаж байлаа” хэмээн ярьсан байна.

Херревеген дэлбэрэлт үйлдсэн этгээдийг ингэж дүрсэлжээ. Сэжигтэн этгээд богино халимагтай, бадриун чийрэг биетэй наранд нэлээд борлосон эр байсан бөгөөд цагаан цамц, жийнсэн өмд өмссөн байсан гэнэ. Херревеген “Би ч ямар нэгэн таагүй зүйл болох гэж байгааг ойлгосон. Учир нь ёрдойсон утаснууд харсан. Магадгүй тэр нь амиа золиослогчийн бүс байх л даа” гэжээ.

Энэ хэргийн дараа Брюсселийн төв талбай болох Гранд-плясыг бүсэлсэн байна. Энэ үед тус талбайд жуулчид олон байсан аж. Үүнээс гадна Төв вокзалыг дайрдаг метроны шугамуудын хөдөлгөөнийг зогсоожээ.

Э.МӨНХЗАЯА

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн