Дэд сайд асан Г.Байгальмаа “хар машин” худалдан авахаар завдсан хэргээр шалгагдаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ.  Сонгууль болоход тав хоног үлдэж байна. Төрийн тэргүүнээ сонгох энэ удаагийн сонгууль хуулийн хүрээнд шударга, ёсзүйтэй байх ёстой гэдгийг онцлоод гэвч сүүлийн үед хар пиар, гүжир гүтгэлгийн дунд болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар сонгуультай холбоотой 241 зөрчлийн гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Үүнээс 75 гомдлыг нь шийдвэрлэсэн тухай мэдээллийг өгсөн.

Мөн тэрбээр эдийн засаг хямарсан амаргүй үед сонгууль болж байгааг онцлоод олон мянган ажилгүй залуучууд амьдралын эрхээр Солонгос улсыг зорьж байна. Гэтэл  АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын “CAML” компанийн нэрээр  хятад ажилчид  орж ирж, монгол залуучуудын ажлын байрыг булааж  байна гэв. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын “CAML”-ын нэрээр орж ирсэн хятад ажилчид “Оюутолгой”, “Петрочайна Дачин Тамсаг”-т зуучилж байгаа асуудалд анхаарал хандуулах ёстой гэлээ. Ийм нухацтай асуудалд анхаарал хандуулж,   хоосон гүжирдлэг, гүтгэлэгт автахгүй байхыг санууллаа.

Мөн сонгууль дөнгөж эхэлж байхад “200 хүний толгойг тасдана..” гэх зэргээр олон нийтийг түгшээсэн, турхирсан мэдээлэлд хууль, хяналтын байгууллага анхаарал хандуулж байгааг мэдэгдлээ. Түүнчлэн хоосон улстөржиж, иргэдийг олон нийтийн үймээн самуунд уриалж, турхирсан аливаа үйлдлээ зогсоож, ёс зүйтэй, хуулийн хүрээнд өрсөлдөхийг сануулсан. Иргэдийг иймэрхүү үйлдэлд анхаарал болгоомжтой хандахыг мөн хүсэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа зарим хэргийн талаар мэдээлэл өглөө. Түүний хэлж байгаагаар сонгуультай холбоотой хоёр ч ноцтой хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. 2017 оны тавдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбай дээр “Приус” маркийн 6855 дугаартай машиныг галдан шатаахаар завдсан хэрэг гарсан. Уг хэрэгт иргэн Батсайхан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар нарт  Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн  1–д заасан зүйл ангиар хэрэг үүсгэжээ.

Мөн сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг ямар зориулалтаар АНУ-аас худалдаж авах гэснийг шалгуулахаар СЕХ-ноос цагдаагийн байгууллагад ханджээ. Санал тоолох машин худалдаж авах гэсэн нь Эрүүгийн хуулийн 130-ийн 2-т  заасан гэмт үйлдэл  байж болзошгүй учраас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. “Шинэ яармаг” компанийн гүйцэтгэх захирал  Ц.Ууганбаяр, график дизайнер М.Удаанжаргал, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа нарыг сэжигтнээр татан шалгаж байгаа гэнэ. Сонгуулийн санал тоолох хар машиныг хувьдаа эзэмших, өмчлөх энэхүү санаархал нь ямар зорилготой байсан,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх буюу засварлах санаа зорилготой байсан эсэхийг мөрдөн шалгалтын дүнгээр тодорхой болно гэдгийг сайд тодотгосон. Энэ мэтчилэн ард иргэдийн саналаа чөлөөтэй өгөх, сонголтоо хийх Үндсэн хуулийн эрхэнд  халдах нь төрийн эрхийг хууль бусаар авах ноцтой гэмт хэрэг. Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд ард иргэддээ мэдээлэл өгч байгаа нь энэ хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: Д.ДОРЖ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн