Бичиг баримттайгаа ирсэн бүхэн шууд ажилд “орлоо”

Сүх жанжны талбай өчигдөр олны хөлд дарагдаж өнжив. Диплом сугавчилсан хэн бүхэн төв талбайд цуглажээ гэлтэй. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд  яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, тайлбарлан таниулах, ард иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагууд хоёр өдрийн турш иргэдтэй уулзах юм.

Нээлттэй өдөрлөгийн хаалгыг онгойлгож байгаа аятай хамгийн наад захад байрлах Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвөөр зочиллоо.    Хөдөлмөрийн аюулгүй байдлын Эрүүл мэндийн төв нь дулааны улирал тохиож, барилга байгууламжийн ажил эд өрнөж буй энэ үед үйлдвэрийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтны ажлын байран дахь осол гэмтэлээс урьчилан сэргийлэх зэрэгт зөвлөгөө өгч ажиллаж байгаа нь энэ. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлүүдээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологийг ард иргэдэд сурталчилан таниулж байгаа нь олны анхаарлыг  эрхгүй татсан юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл мэндийн төвийн дарга М.Даваа “Манай улсад аюулгүй ажиллагаа хангах чиглэлд анхаарах шаардлагатай, мэргэжлээс шалтгаалах эрсдэлтэй салбарт зам тээвэр, барилга, уул уурхай ордог. Одоогийн байдлаар Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл мэндийн төвд мэргэжлээс шалтгаалах өвчтэй 3532 иргэн бүртгэлтэй байдаг. Энэ өдөрлөгөөр дамжуулан дээрх иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөс гадна урьдчилан сэргийлэх тал дээр эмч мэргэжилтнүүд заавар, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн ажлын байрны эрсдлийн нөхцөлийн үнэлгээг хэрхэн хийх, яагаад ажлын байрны эрсдлийн үнэлгээг тодорхойлуулах шаардлагатай вэ гэсэн тодорхой асуудлууд дээр арга зүйн зөвлөгөө өгч байгаагаар онцлогтой юм” гэв.

Мөн энэ үеэр хамгааллын хувцас хэрэглэл, хор саармагжуулах бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, галын аюулаас урьчилан сэргийлэх, дэвшилтэт тоног төхөөрөмжийг танилцуулах арга хэмжээнүүд ч ээлж дараалан зохион байгуулагдсан юм.

Түүнчлэн сүүлийн үед эмч мэргэжилтнүүдийн тархины өвчин болж, Монголд аюулын харанга дэлдээд байгаа элэгний В,С вирусын эсрэг манай улсад худалдаалагдаж байгаа таван төрлийн эмийн үйлчилгээний танилцуулга боллоо. Үүнээс Харвониг АНУ-д үйлдвэрлэсэн 400 ам.доллараар худалдаалдаг.  Бусад эмнүүд нь “Азифарм”, “Монос трейд”, “Монос” компани, “Монгол Эм импекс” гэсэн дөрвөн компани дээрх эмнүүдийг оруулж  ирдэг бөгөөд компани болгон өөр өөрсдийн зах зээлийнхээ үнээр худалдаалж байгаа аж.

Энэ тухай “Азифарм” компанийн эмч, төлөөлөгч Ц.Хулан “Манай улсын нийт хүн амын 11 орчим хувь нь элэгний С вирусын халдвартай хэмээн тогтоогдсон. Энэхүү вирусын эсрэг Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” төслийг боловсруулаад 2020 он хүртэл халдварын голомтыг устгана гэсэн зорилтыг тавин ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны иргэдийг B, C вирусын оношлогоог эрүүл мэндийн даатгалаас төлбөрийг даах нөхцөлтэйгөөр оношилж байна.

Иргэд  хорооныхоо өрхийн эмнэлэг дээр очиж вирусээ тоолуулж, хэрэв байгаа бол цаашлаад тодорхой нэр заасан лабораторуудад очиж шинжилгээг хийлгэх юм. Мөн С, В вирустай иргэдийн уух эмэнд хөнгөлөлт үзүүлж байгаа. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд С вирустэй 12 орчим  хүн эмчилгээнд хамрагдсан байдаг. Иргэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээнд хамрагдсанаараа нэг сар уух эмнээс 210 мянга төгрөгөөр хөнгөлүүлж байгаа юм. Энэ нь эмийн хөнгөлөлтөөс хамгийн өндөр хөнгөлөлтийг нийгмийн даатгалаас үзүүлж байна” гэлээ.

Манай улсад тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг нь ажилгүйдэл. Тэгвэл Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 20 мянган ажлын байранд 60 орчим аж ахуйн нэгж иргэдийг бүртгэлээ. Хөдөлмөр халамж үйлчигээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  газрын дарга Ч.Саналбаяр “Сүүлийн үед аж ахуйн нэгжүүд ажлын байрны захиалгыг нэлээд ирүүлэх болсон. Түр ажлын байрны улирал эхэлж буйтай холбогдуулж, улирлын чанартай ажлын байрны тоог багагүй хэмжээгээр аж ахуй нэгжүүд ирүүлсэн.

Гэвч бид тогтвортой ажлын байрыг түлхүү оруулахыг зорьж байна. 20 мянган ажлын байранд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлийн ажлын байрууд түлхүү бэлэн байна. Нээлттэй хаалганы өдөрлөгийн эхний өдөр л гэхэд 7000 ажлын байранд хүн зуучлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэргэжлээсээ хамаараад тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Одоогийн байдлаар өдөрлөгт бичиг баримттайгаа ирээд шууд ажилд зуучлагдаад гэрээ байгуулах боломжтой” гэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлого явуулж энэ жил 45000 орчим ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавин ажиллаж байгаагаа танилцуулсан. Үүнээс Нээлттэй хаалгаын өдөрлөгөөр 20 мянган ажлын байрыг нь бүртгэж байгаа гэлээ. Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд 21 аймагт зэрэг нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна.

Өдөрлөгийн хүрээнд 60 гаруй аж ахуйн нэгжүүд 20000 ажлын байранд иргэдийг бүртгэж байна. Энэ бүртгэл маргааш ч үргэлжилнэ. Тиймээс ажлын байр хайж байгаа хүмүүс ирээд бүртгүүлэх боломж нээлттэй. Монгол Улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах асуудлаар тодорхой бодлого боловсруулж байгаа. Тодруулбал, Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авахад 50 хувь нь монголчуудаас бүрдүүлнэ гэсэн зорилт хэрэгжүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Ерөнхий  сайдын захирамжаар Гадаадад ажиллах хүч авдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсэг гарч байгаа. Тун удахгүй нэгдсэн тоо гарна.

Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд олсон бас нэг том зорилт бол залуучуудын бизнесийг дэмжих “Старт ап” хөтөлбөр.  Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль төгссөн оюутан залуучууд, мэргэжлийн сургууль төгссөн залуучуудын гарааны  бизнесийг дэмжих жижиг бизнесийн зээлийг олгоно гэсэн бодлого зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аймаг дүүрэг болгонд залуучуудын “Старт ап” хөтөлбөрийг баталж өгсөн байгаа.

Гарааны бизнесийг  сонирхож байгаа залуучууд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт очиж мэдээлэл авах, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мэдээлэл авах боломжтой” гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн тэрбээр цаашдаа ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэн ажиллаж байгаагийн нэг нь энэ сард л гэхэд  залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн ажлын  байраар хангаж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ гэдгийг тодотгосон. Нээлттэй өдөрлөг өнөөдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: А.НАРАНЧИМЭГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн