Лондоны цамхаг дахь түймэр 58 хүний аминд хүрэв

Лондоны цагдаагийн газраас тус хотын Гренфелл-тауэрт болсон түймэрт амиа алдсан хүмүүсийн тоог дор хаяж 58 байна гэж мэдэгджээ. Тэдгээрийн тоонд сураггүй алга болсон хүмүүс ч багтаж байна. Цагдаа нар эдгээр сураггүй алга болсон хүмүүсийг амьд олох боломж бараг үгүй гэжээ. Өнгөрөгч баасан гарагт түймэрт өртөж амиа алдсан хүмүүсийг 30 боллоо гэж мэдэгдэж байсан юм. Цагдаагийн газрын төлөөлөгч Стюарт Кандигийн хэлснээр түймэрт өртсөн хүмүүс өссөөр байгаа бөгөөд эрлийн ажиллагаа хэдэн долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй түймэрт өртөгсдөд яаралтай тусламж үзүүлэх ажиллагаа хангалттай байж чадаагүй гэдгээ хүлээсэн байна. Тэрбээр Гренфелл-тауэрийн түймрээс болж орох оронгүй болсон өрхүүд, сайн дурын туслахуудтай уулзалт хийх үеэрээ ингэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн шөнө Лондоны Хойд Кенсингтон дүүрэг дэх Гренфелл-тауэр хэмээх 24 давхар барилгад гал гарсан юм. Тус улсын засаг захиргааны мэдээлж буйгаар гал гарах үед барилгад 600 орчим хүн байсан гэнэ.

Цамхгийн галтай 200 орчим гал сөнөөгч тэмцэж, гал түймрийн 40 машин иржээ. Гренфелл-тауэр нь 1978 онд баригдсан бөгөөд 200 орчим өрхийн орон сууцтай. Аврагдсан оршин суугчдын хэлснээр байшинд галын дохиолол нь огт ажиллаагүй гэжээ. Түүнчлэн Британийн өндөр барилгуудад гал түймрийг унтраах систем байрлуулаагүй байдаг тухай тэмдэглэж байна. Галын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хэвлэл мэдээллүүдэд гарсан хувилбараар бол цахилгаан дамжуулах шугамд доголдол гарсан, хий дэлбэрсэн, эсвэл нэг айлынх нь хөргөгч шатсан байх магадлалтай байна. Зарим шинжээч цайр бүхий гадарга нь түймрийг нэлээд өдөөсөн байж болзошгүй гэжээ.

Э.ЗАЯА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн