Ром хотын дарга цагаачдыг оруулахгүй байхыг хүсэв

Ром хотын дарга Виржиния Ражи Италийн Засгийг газраас хот руу нь дахиж цагаачид оруулахгүй байхыг хүсчээ. Учир нь цагаачид орж ирснээр нийгмийн бухимдал нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Ражи “Фэйсбүүк”-ээрээ дамжуулан хууль бус цагаачдыг хүлээн авах шинэ төв байгуулах тухай бодох ч боломжгүй, эрсдэлтэй болсон гэж анхааруулсан байна.

Итали улсад 2014 оноос хойш тэнгисээр дамжин 500 мянга орчим хууль бус цагаач орогнох байр ирсэн билээ. Тэдний олонх нь Хойд Африкаас ирсэн бөгөөд 200 мянга орчим нь тус улсын төвийн хэсгээр суурьшжээ. Гэтэл тус улсын ДХЯ-наас энэ онд дахиад 250 мянган шинэ цагаачийг байршуулах газар олохыг орон нутгийн засаг захиргаанаасаа хүсчээ. Цагаачдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 180 мянгаар өсөх төлөвтэй байна.

Ром хотын дарга Ражи нь сөрөг хүчний “Таван од” хөдөлгөөний гишүүн юм. Тус хөдөлгөөн өнгөрсөн ням гарагт болсон орон нутгийн сонгуулиар олигтой үр дүн үзээгүй аж. Тиймээс Ражигийн энэхүү мэдэгдэл нь намынхаа нэр хүндийг сэргээх гэсэн оролдлого гэж зарим хүн харж байна. Санал асуулгаас үзэхэд италичуудын тал орчим хувь нь дүрвэгчдийг хүлээн авах ажлаа үргэлжлүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.

Итали улс хууль бус цагаачдыг олноор нь байршуулахаас өөр аргагүй байдалд оржээ. Учир нь Умард Европын улс орнууд хилийн хяналтаа чангатгаж, Европын холбооны олон орон Итали, Грект ирсэн 160 мянган цагаачийг улс орондоо байршуулахаас татгалзсан аж. Өдгөө Европын холбоо Польш, Унгар, Чехийн засаг захиргаанд дүрвэгчдийг хүлээлгэн өгөхийн тулд шүүхэд хандах төлөвтэй байна.

“France Presse” агентлагийн мэдээлснээр Италид ирсэн цагаачдын 40 орчим хувь нь орогнох эрх багч, тус улсад хүмүүнлэгийн шугамаар үлдэх боломжтой болж байна. Харин үлдсэн хувь нь хууль бус эдийн засгийн цагаачид болон тусламж дэмжлэггүй хоцрох төлөвтэй байгаа аж. Тэднийг эх нутаг руу нь буцаах нь ч төвөгтэй асуудал юм. Учир нь цагаачдын төрөлх улс орнууд нь тэднийг эргүүлэн авах хүсэлгүй байдаг гэнэ.


Э.Заяа

 

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.