Казахууд үндэсний үзлээсээ болж тува хүүхдүүдийг ялгаварлаж байна

-МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХТЭЙ-

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тува иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотод ирээд байна. Тэдгээр иргэд Баян-Өлгий аймаг дахь тува сурагчдын эрх ашиг, сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар манай сайтад хандан ярьсан юм. Сүүлийн жилүүдэд казах сурагч, багш нарын зүгээс үндэсний үзэл их гаргаж байгаагаас үүдэн казах, тува иргэдийн хооронд байнга зөрчил үүсч, үүний уршгаар хүүхдүүд хохирч байгаа талаар тэд ярьж байна. Цэнгэл суманд 9000-аад казах,1400 орчим тува иргэн ажиллаж амьдардаг ажээ.

Цэнгэл сумаас ирсэн тува эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл болсон долоон иргэн Улаанбаатар хотод ирж, Хүний Эрхийн Үндэсний Комист ханджээ. Тэд үндэсний цөөнхийг авран хамгаалах тусгай бодлого боловсруулж дэмжих, цаатан иргэдийг хамгаалж дэмждэгтэй адил бодлогын хүрээнд дэмжих асуудлыг төр засгийн сонорт хүргэж өгөхийг хүссэн байна.

Хэрэв энэ асуудалд төр засаг болон бусад байгууллагаас арга хэмжээ авахгүй бол Цэнгэл суманд үндэстний дунд хүчтэй зөрчилдөөн үүсэх, цаашид энэ нутагт уугуул иргэд улам цөөрч, дахин нэг сумын уугуул иргэд дүрвэн хөөгдөх аюул тулгараад буйг тэд сануулав. Улмаар өнөөдөр тувачуудад ажилгүйдэл, ядуурал, сэтгэл зүйн хямрал, эрүүл мэндийн доройтол нүүрлэж, мөхөх аюулд хүрээд байна хэмээлээ.

Тэд тува хүүхдүүд хичээллэдэг 12 жилийн тогтолцоотой ахлах сургуультай болохыг хүсч буйгаа илэрхийлж байлаа. Улмаар энэ мэдээллээр дамжуулан Боловсролын яамны холбогдох хүмүүс асуудлыг анхааралдаа авч, арга хэмжээ авч өгнө гэж найдаж буйгаа дуулгав.

Хүний эрхийн үндэсний комиссын орон тооны бус зөвлөлийн гишүүн Г.Галтайхүү хэлэхдээ “Ардчилсан нийгмийн энэ үед хүүхдүүдийн эрх ашиг тэнд ноцтой зөрчигдөж байна гэдгийг эдгээр иргэд хэлж байна. 2000 км-ийн алсад сууж байгаа хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг Улаанбаатарт байгаа бид мэдэх арга байхгүй. Харин тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл хүүхдүүдийхнээ ирээдүйд ийн санаа зовниж, Улаанбаатарт ирж манай байгууллагад хандлаа.

Цэнгэл суманд байгаа тува иргэдийн төлөөлөл сум болон аймгийн засаг захиргаа, арга хэмжээ авах эрх бүхий байгууллага байдаггүй юм байна. Тийм учраас дуу хоолойгоо хүргэх боломж хомс. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссоос энэ иргэдийн ярьж байгаа асуудлыг хүлээн авч, холбогдох байгууллагуудад хүргэнэ. Үндсэн хуулинд Монгол хүн монгол хэлээрээ сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг” хэмээсэн юм.

Ж.АЛИМА: МАНАЙ БАГШ НАР БҮГД МОНГОЛ ХЭЛТЭЙ

Бид мэдээллийг тэнцвэртэй байдлаар хүргэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ахлах сургуулийн захирал Ж.Алиматай утсаар холбогдож, мэдээлэл авахад эдгээр иргэдийн ярьж буй зүйлсийг үгүйсгэсэн юм. Тэрбээр “Манай ахлах сургуульд 6-12 дугаар ангийн сурагчид сурдаг. Тува сурагчид 30 орчим хувийг эзэлдэг. Тува хүүхдүүд цөөхөн учраас нэг бүлэг болгон сургадаг нь үнэн. Зарим үед анги дүүрэхгүй бол казак хүүхдүүдтэй хамт сургадаг.

Манай сургууль 1443 хүүхэдтэй, 150 гаруй ажилчинтай, бага, ахлах сургууль нийлсэн 90 гаруй багштай. Бүгд монгол хэлээр ярьдаг, хичээл заадаг. Угаасаа сургуулийн зүгээс багш нартаа монгол хэлээр ярьж, хичээл заах шаардлага тавьдаг. Тэдгээр хүмүүс танай сайтад огт худлаа мэдээлэл өгч, биднийг гүтгэж байна. Тийм зүйл огт байхгүй. Та нар ирээд манай багш нарыг шалгасан ч болно” гэсэн хариулт өгөв.

У.АДЬЯА: БИДНИЙ ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЭЭ ОЙЛГООГҮЙГЭЭС СУРАХ СОНИРХОЛГҮЙ БОЛЖ БАЙНА

Бид Цэнгэл сумын ахлах сургуульд суралцдаг тува сурагчдын эцэг, эхийн төлөөлөл У.Адъяа, Б.Мөнххүү уулзаж ярилцлаа.

-Та бүхэн ямар асуудлаар 2000 км-ийн алсаас нийслэлийг зорьж ирэв?

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас тува иргэдийн төлөөлөл болон Улаанбаатар хотод ирлээ.  Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ахлах сургуульд суралцдаг бидний хүүхдүүдийн эрх маш их зөрчигддөг учраас та бүхэнд хандаж байна. Тус сургуульд дандаа Казахстан улсад сургууль төгсөж ирсэн казак хэлтэй багш нар ажилладаг. Тэд монгол хэл мэддэггүй, монголоор сайн ярьдаггүй учир казах хэлээр хичээл заах үед хүүхдүүд юу ч ойлгодоггүй. “Монгол хэлээр хичээлээ заагаач” гэж шаардлага тавихаар хүлээж авдаггүй. Чадваргүй, монголоор сайн ярьж чаддаггүй багш нар казак хэлээр хичээл зааснаас болж тува хүүхдүүд хичээлээ ойлгохгүй байна. Түүнээсээ болоод хичээлийн хоцрогдолд ороод, сурах сонирхолгүй болчихоод байна.

-Сургуулийн захирал, удирдлагад хандсан уу?

-Хандсан. Хүүхдүүд хичээл ойлгохгүй байна, багш нар нь казак хэлээр хичээл зааж байна. Монгол тогтолцоотой сургуульд монголоор хичээл заамаар байна гэж шаардлага тавихад ерөөсөө хүлээж авдаггүй. Бид монголоор зааж байгаа гээд эрхлэгч нь багшаа хамгаална, эрхлэгчээ захирал нь хамгаалаад үлддэг. Энэ байдал үргэлжилсээр нэлээд олон жил болж байна.

-Монгол хэлээр хичээл заадаг багш огт байдаггүй юм уу?

-Тува монгол хэлний есөн багш байдаг. Тэд казак хүүхдүүдэд хичээл заадаг. Тэгсэн хэрнээ казах монгол хэлний багш нар нь тува хүүхдүүдэд хичээл заадаг. Тийм учраас бид тува монгол хэлний багш нараар хичээл заалгая гээд багшийн нэр цохохоор захирал нь боломжгүй гэдэг.

-Цэнгэл ахлах сургууль хэдэн багштайгаас хэд нь монгол хэлтэй вэ?

-Цэнгэл ахлах сургууль 50-иад багштайгаас ес нь л монгол хэлтэй. Тэгсэн хэрнээ эдгээр есөн багш монгол хэлний багш нар биш. Орос хэл, технологи, биеийн тамирын багш байгаа юм.

-БАГШ НАР НЬ ТУВА, КАЗАК ХҮҮХДҮҮДЭД ЯЛГАВАРТАЙ ХАНДДАГ-

-Хэлний асуудлаас гадна казах тува хүүхдүүдийн хооронд зөрчилдөөн үүсч, үндэсний үзэл гаргадаг гэсэн. Энэ үнэн үү?

-Үндэсний цөөөнх гэдэг утгаараа үндэсний үзэл гардаг нь үнэн. Тува үндэстэн бид Цэнгэл сумын уугуул иргэд. Тус сумын иргэдийн цөөхөн хувийг эзэлдэг. Баян-Өлгий аймгийн зөвхөн Цэнгэл суманд л тува иргэд амьдардаг. Казахууд дийлэнх олуулаа болохоор үндэсний зөрчилдөөн гардаг. Энэ асуудалд төр засгаас анхаарал хандуулахгүй бол яваандаа янз бүрийн хурцадмал асуудал үүсэх вий гэж бид их санаа зовниж байна. Энэ асуудал бол олон жилийн туршид байсаар ирсэн.

-Жишээлбэл, та үндэсний үзэл яг яаж гаргадаг талаар бидэнд ярихгүй юу?

-Дотуур байранд л гэхэд казах, монгол хүүхдүүд тус тусдаа өрөөнд байдаг. Өрөө, тасаг болгонд зурагт байдаггүй. Зөвхөн казах хүүхдүүдийн өрөөнд зурагт байдаг гэж байгаа юм. Тэгээд олонхиороо нийлж зурагтаа үздэг. Тоглоом тоглохдоо ч гэсэн казах хүүхдүүд давамгайлж тоглодог. Тува хүүхдүүд өрөөндөө л сууж байдаг. Гадаа гарах юм бол байрны багш нар нь шууд ор гээд оруулчихдаг. Оройн цагаар хичээлээс гадуур дотуур байрандаа тоглох гэхээр тоглуулахгүй, үзэх зурагт байхгүй болохоор чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зүйл байхгүй байна гэж хүүхдүүд ярьдаг. Сургууль дээр ч гэсэн ямар нэг спорт, урлагийн дугуйлан, секц хичээллүүлэхдээ тува хүүхдүүдийг огт бүртгэдэггүй. Оролцуулдаггүй. Шинэ жил, цагаан сарын концерт энэ тэр болоход дандаа казах хүүхдүүд ордог. Тува хүүхдүүд ордог ч үгүй, оруулдаг ч үгүй. Тэгэхээр чөлөөт цагаараа дугуйлан секцэд явна гэсэн ойлголт тува хүүхдүүдэд алга.

-Танай хүүхдийн хувьд танд ямар бэрхшээл хэлж байсан бэ?

-Манай хүү 6-р анги, охин 7-р ангид сурдаг. Охин маань сурлагатай л даа. Нэг удаа ярьж байсан зүйлийг нь л энд ярья. Нэг удаа сургууль дээр нь англи хэлээр АХА тэмцээн явуулсан гэсэн. Англи хэлээр асуулт асуусан юм уу даа. Охин маань хоёр үг буруу хэлсэн байтал багш нь дөрвөн үг буруу хэлсэн байна гээд хоёрдугаар байрт орох ёстой хүүхдийг дөрөвдүгээр байрт оруусан байсан. Тэр тэмцээнд ганцхан тува хүүхэд оролцсон нь манай охин. Англи хэлний долоон багш нь бүгд казак. “Миний үгийг тоох нэг ч хүн байгаагүй. Тува багш ч байхгүй юм чинь намайг хэн өмөөрөх юм бэ” гээд охин маань уйлж байсан. Ер нь бид байнга сургууль дээр нь дагаад явж чаддаггүй болохоор хүүхдүүдийг маань илт биш ч гэсэн далд хэлбэрээр байнга боогдуулдаг нь хүүхдүүдийн ярьж байгаагаас мэдрэгддэг. Хүү болохоор багш нарын монгол хэлний чадвар муу, гэрийн даалгавар шалгадаггүй гэдэг зүйл ярьдаг. Багш нарт нь хэлэхээр “Танай хүүхэд өөрөө хичээлээ таслаад байдаг” гээд хүүхдүүд рүү л буруугаа чихнэ. Эцэг эхчүүд нэг өдөр хүүхдүүдтэйгээ хамт хичээлд сууж үзсэн. Хачин сайхан л зааж байсан. Гэтэл хүү маань аав, ээж нь байгаа болохоор ингэж байгаа юм. Таныг байхгүйд багш нар хичээлээ хагас дутуу заагаад л гараад явчихдаг гэж хэлж байгаа юм. Бас нэг жишээ байна. Биеийн тамирын дүн гарахад тува хүүхдүүдийн дүн 95 хувь байхад, казах хүүхдүүд 100 хувь гэсэн дүн авсан байдаг гэнэ. Багшдаа хэлэхээр “Тийм зүйл байхгүй. Биеийн тамирын хичээл 95-аас дээш байдаггүй юм” гэж хэлээд гаргасан байгаа юм.

-ШИНЭ БОЛОВСОН ХҮЧНҮҮД ТУВА БОЛОХООРОО АЖИЛД ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

-Тува хүүхдүүдийг тусад нь нэг ангид суулгадаг гэсэн үү?

-Тийм ээ. Цэнгэл ахлах сургуульд 170 орчим тува сурагч байгаа. Тэд анги бүрийн А бүлэгт байдаг. Бусад Б, В, Г гэх мэт бүлгүүдэд дандаа казах хүүхдүүд сурдаг. Тува хүүхдүүд цөөхөн болохоор ингэж нэг ангид оруулдаг юм гэсэн. Бага сургуульд хос хэлээр хичээл заадаг болохоор манай хүүхдүүд онц сайн сураад байдаг байсан. Гэтэл ахлах сургуульд оруутаа сурлага нь эрс муудчихдаг. Ингээд хичээлээсээ хоцрогдоод сурлага нь муудаад эхлэнгүүт сэтгэл санааны хямралд ороод тува хүүхдүүд янз бүрийн хэрэг төвөгт холбогдох нь их байдаг. Засаг захиргааны нэгжид нь ч тува хүн бараг байдаггүй болохоор хүүхдүүдийн хооронд гарсан асуудалд тува хүүхдүүдэд бурууг нь чихээд өнгөрдөг хандлагатай. Энэ мэт олон асуудал байдаг учраас бид үндэсний үзэл гэж яриад яваад байгаа маань энэ.

-Тува хүүхдүүд сургууль төгсөөд сумандаа очиход ажилд авдаггүй юм уу?

-Тува сурагчид их дээд сургуульд сураад сумандаа багш мэргэжилтэй болоод очиж байна. Гэвч тэдэнд ажлын байр олддоггүй. Ажлын байр гарангуут казак багш нараа хамгийн түрүүнд авдаг. Сонгон шалгаруулалт боллоо л гэдэг. Дараа нь харахад нэг казак багш орчихсон л байдаг. Чадварлаг боловсон хүчин зөндөө байна. Гэвч тува үндэстэн болохоороо ажилд орж чадахгүй байна гэж хатуу хэлж болно. Хамгийн сүүлд гэхэд монгол хэлний орон тоо гарсан. Гэтэл бас л казак багш орчихсон байсан. Тэр багш монголоор ярьж чадахгүй, хүүхдүүдийн нэрийг буруу бичээд байхаар нь арайхийж тэр багшийн тува хүүхдүүдэд хичээл заадгийг нь болиулсан.

Эх сурвалж: Б.ЦЭЛМЭГ

http://www.medee.mn/main.php?eid=93157

9 thoughts on “Казахууд үндэсний үзлээсээ болж тува хүүхдүүдийг ялгаварлаж байна

  1. болд 2017-05-30 14:56 at 14:56

    Тэд нар ер нь хэн болоод хэний нутагт амьдарч.байгаа билээ гэдэгийг нэг сануулах цаг болсон юм бишүү

    Хариулах
  2. Zochin 2017-06-03 17:11 at 17:11

    Naad tuvachuud uusduu ih boldoggui uls, tuunees heden hasag zuv zugeer baidgaaraa l baij baigaa, hudlaa sur badruulaad yamar hereg bna

    Хариулах
  3. Нэргүй 2017-06-03 17:59 at 17:59

    За шаана биз дээ….хаха

    Хариулах
  4. Tuba 2017-06-03 19:15 at 19:15

    hudla helj bain ba

    Хариулах
  5. зочин 2017-06-03 20:17 at 20:17

    Анги дүүргэлтгүйгээс тува хүүхдүүд казах хүүхэдтэй хамт казах ангид сурдаг нь үнэн, энэ бол хүүхдийн эрх зөрчигдөж байгаагийн том жишээ,бусад газарт ч ийм зүйл бий Цагааннуурт лав байна гэж захирал нь өөрөө ярьж байнлээ.Үүнд төр арга хэмжээ авчих хэрэгтэй бид дээ.Олон жил яригдаж байгаа асуудал

    Хариулах
  6. Энэ улс оронд юу юу л болоод бна даа миний ард түмэн... 2017-06-03 20:29 at 20:29

    Tubachuud ugaasaa muuhai bodoltoi humuus uruwdultui tsarailchihad. Tuba nanar neg udaa kazakuud ta nar kazakstanruugaa zailtsgaa gesen bna tgd ta nar yahii gesen bn l daa tegsenee bid mongoliig neg tiish ni bolgochood ywna gesen gesen. ali alind ni hynalt tawih ni zuitei baih gehdee hujanar bur hetsuudej bna daa manaid…

    Хариулах
  7. Казах бүсгүй 2017-06-03 21:22 at 21:22

    Хүн бүр эх оронч үзэлтэй байж л Монголоо хөгжүүлнэ. Хэдэн олиггүй гарууд Казахын ард түмнийг тэгж дарлахгүй шүү. Арван хуруу тэгш биш. Муу хүн байдаг болохоос муу үндэстэн гэж үгүй. Эх орон минь мандан бадраг

    Хариулах
  8. монголын иргэн 2017-06-03 23:43 at 23:43

    хэдэн хүнээс болж олон түмнийг гүтгэх нь хуулийн дагуу харсан ч буруу зүйл. ер нь сүүлийн үед олон жилээс эв найрамдалтай аж төрж ирсэн үндэсний хооронд ингэж яс хаяж гүтгэж худлаа мэдээлэл тараах нь ихэсэж байгаа боловч төр захиргааннаас дүлий дүмбэгэр ямар ч арга хэмжээ авахгүй юм

    Хариулах
  9. Эв нэгдлийг эрхэмлэгч 2017-06-04 02:07 at 02:07

    За болиоч ээ тува нар аа, Нэг нутгийн хүмүүс байж арай ч дээ, хэзээ казакууд тэгж үндсэрхэг үзэл гаргаж байсан билээ. Тэгж ярьвал казак үндэстнүүд энэ монгол ахан дүүстэйгээ эв нэгдэлтэй, хэдэн зууныг ч элээж ирсэн шүү дээ. Хагарал бутралыг одоо та нар л гаргаж, тэртээ хол Улаанбаатарт очиж шуугиан дэгдээж байна шүү дээ. Ядаж нэг нутгийн нэг сумын нэг худгийн усыг ууж байгаа хүмүүс гэдгээ санаарай та хэд

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн