Дэмжье гээд ч дээшилдэггүй монголчууд

“Дэмжье гээд ч дээшилдэггүй монголчууд” гэхээр муухай сонсогдож байгаа биз. Гэвч үүнийг батлах жишээ олноос олныг дурдаж болно. Энд авто засварын үйлчилгээ хийгээд худалдаа үйлчилгээний салбарын ажилтнуудын гаргадаг алдаа, нийтлэг дутагдлыг онцоллоо.

ХИЙЖ БУЙ АЖИЛДАА ТӨВЛӨРДӨГГҮЙ ЗАН

Монголчуудын халаас, хармаанаас их хэмжээний мөнгө “саадаг” автомашины кузов засвар, үйлчилгээг монгол хүмүүс өөрсдөө чанар сайтай хийж чаддаг бол хэн хэндээ хэрэгтэй. Хаана хэдэн хүн ажиллаж, хэдий хэрийн орлого олж, түүнээс татварт хэдийг өгдөг нь огт ойлгомжгүй газрууд бол яахын аргагүй вьетнам засвар. Нийслэлийн төв зам дагуух гэр хорооллын хашаа болгонд шахам битүү шавсан вьетнам засварын тоо цөөрөх биш нэмэгдсээр байгаа. Эдийн засгийн хямрал гээч нь тэдэнд лав үйлчилсэнгүй. Вьетнам засварын үйлчилгээ эрхлэгчдэд олгодог зөвшөөрөл, тэдний төлдөг татварын талаарх нэгдсэн мэдээлэл өнөө хэр алга. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний дарга Ш.Одончимэгээс энэ талаар тодруулах гэсэн боловч уурсан загнаад утсаа тасалсныг бодоход тэдэнд хамааралгүй асуудал бололтой. Татварын албанд ч нэгдсэн мэдээлэл алга. Дүүрэг болгонд байршсан болохоор дүүрэг дүүрэгтээ л хамааралтай гэнэ. Ийнхүү вьетнам засварын зөвшөөрөл, түүнийг тойрсон асуудлууд, төлж буй татварын хэмжээг тодруулах зорилго маань биелсэнгүй. Төрийн албад хоорондын уялдаа холбоо, ажил албаа олонд нийтэд тайлбарлаж, таниулах мэдээлэл сурталчилгаа иймэрхүү өнгө төрхтэй байгааг дашрамд дурдъя.

Ингэхэд “Жолооч нар яагаад монгол засварын газар руу очдоггүй вэ” гэсэн асуултад хариу хайлаа. Олон нийтийн сүлжээн дэх хүмүүсийн санаа бодлыг түүвэрлэн оруулбал:

Үйлчилгээ нь чанаргүй, тавьж буй замаск, будаг нь эрс ялгаатай харагддаг

Өндөр үнэ ханш нэхдэг, үйлчилгээний соёлгүй, байсхийгээд тамхи татаж, хоол идэх гэж цаг алддаг, хийж буй ажилдаа төвлөрдөггүй

Монгол авто засварынхан сэвээ муу гаргадаг, замаскаа зузаан тавьж будгаа барзайлгаж буддаг

Монголчууд залхуу, гараас нь юм гардаггүй гэжээ.

Замаск зузаан тавьдаг гэсэн гомдол олон гардаг. Үүнийг монгол засварчид мэдэхгүйдээ алддаг хэрэг биш. Болж өгвөл дахин дахин ирүүлж, үйлчилгээний хөлс мөнгө авах гэсэн “халтуурчин” сэтгэлгээнээс салаагүйн илрэл. Унаж буй машиныхаа эд анги, эвдрэл гэмтлийг мэддэггүй хүмүүс олон бий. Мэдлэг, мэдээлэлгүй жолооч нарын толгойг эргүүлж, өчүүхэн дуу чимээ, чичиргээ доргиог аюултай гэж ойлгуулан эд ангийг нь засах, солих санал тавьсаар байх тусам үйлчлүүлэгчээ вьетнамчууд руу алдсаар байх болно.

НАЙРСАГ ХАРИЛЦААГ НЯЛУУН, ХУУРАМЧ ААШ АЯГТАЙ АНДУУРУУЗАЙ

Энэхүү бичлэгт монголын худалдаа, үйлчилгээний байгууллага, тэнд ажиллагсдын харилцаа хандлагыг богинохон хугацаанд товч бөгөөд тодорхой харуулжээ. Харилцагч, үйлчлүүлэгчийг хаанд өргөмжлөн, соёлч боловсон үйлчилгээ зах зээл хөгжсөн 20 гаруй жилийн турш дадал зуршил болоогүй нь харамсалтай.

Гадаадын хөрөнгө оруулалттай зарим нэг компани үйлчилгээний соёл, найрсаг харилцааг эрхэмлэж байгаа ч асуудлыг шийдэхгүй худал наалинхай зан гаргах нь үйлчлүүлж буй хүнд бүр ч түвэгтэй байдаг. Монголчууд хуурмаг занд дургүй. Нааш харж инээж, цааш харж ярвайсан хуурамч зангаас нүүр нүдээ хараад чин үнэнийг ярилцахыг илүүд үздэг. Тиймээс найрсаг харилцааг наалинхай, худал нялуун ааш аягтай бүү андуураарай.

Нэг үеэ бодвол салбар нэгж байгууллага бүр ёс зүй, соёлыг чухалчилдаг болсон. Эмнэлгийн ажилтны харилцаа хандлагаас эхлээд банк санхүү, багш, боловсролын салбарын ажилтны ёс зүй, соёлын хэм хэмжээг кодолж, дагаж мөрддөг болсон нь сайн хэрэг. Харамсалтай нь үйлчлүүлэгчид хараахан хаан болоогүй л байна.

Монголчуудаа дэмжье, тэдэнд орлого оруулъя гэсэн халуун сэтгэлтэн олон байгаа ч үйлчилгээний доголдол, хүмүүсийн харилцаа хандлагаас шалтгаалаад олон монгол хүн хэтэвчтэй мөнгөө дотооддоо шингээх бус гадаад руу урсгаж байна.

Д.ЦЭЭНЭ

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Дэмжье гээд ч дээшилдэггүй монголчууд

  1. ЦК 2017-10-14 17:28 at 17:28

    Хэзээч монголчууд еерсдийг нь тэжээж байгаа ажлаа хундлэх чадваргуй. Тэдэнд менге л хэрэгтэй болохоос еерсдийгее хундлэх чадвар байдаггуй. Тиймээс ертенцед ургэлж гологдож байна. Энэ асуудал засвар уйлчилгээ хийдэг “боловсролгуйчууд” ажилладаг газарт ч биш, енеегийн ШУ, боловсрол, эруул мэндийн байгууллагад ажиллаж байгаа “дээд” мэргэжилтэнгуудийн ажилдаа хандаж байгаа телевеес илуу харагддаг.

    Хариулах
  2. zochin 2017-11-21 16:12 at 16:12

    hen mongolchuudiig demjiy geed bga yumbe

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн